АН-ынханд итгэх арга алга. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнд олонхи болж чадаагүй ч олныг бүрдүүлсэн АН-ынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд засаг толгойлж чадахгүйгээ хангалттай харууллаа. Эцэс сүүлдээ албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь туйлдаа хүрч, фракциуддаа “түгжил”-дүүлснээр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын “Нас дууссан”. Ийнхүү дангаараа бүтэхгүйгээ мэдсэн АН-ынхан аргагүйн эрхэнд МАН-ыг засагт урьснаар хамтарсан Засгийн газар бүрдээд байна. Гэтэл ингэж эвслийн засгийг бүрдүүлснээс хойш АН-ынх ны үнэгэн заль хүчээ авч эхэлллээ. Тэд сурсан зангаараа хулхидах ажиллагааг хэдэнтээ хэрэгжүүлээд байна. Жишээ дурдья. АН-ынхан МАН-тай зөвшилцсөн бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн чухал асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч, хамтын гэрээ байгуулсан. Үүний нэг нь “Өрийн босгыг нэмэгдүүлэхгүй” хэмээн тохиролцсон. Харамсалтай нь, АН-ынхан хэдхэн хоногийн дараа хэлс нээсээ буцсан. Тэд засгийн эрх барьж байх хугацаандаа өрийн хэмжээг хуулийн хязгаараас давуулсан бөгөөд улсын өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдэг хуулийн заалтыг зөрчиж, манай улсын гаднаас авсан зээлийн хэмжээ 50 хувиас хэтэрснийг албаныхан хэлж буй. Гэтэл ингэж хуулиа зөрччихсөн хэрнээ төсвийн тодотголд өрийн таазыг дахин нэмэхээр оруулж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас боловсруулан өргөн барьсан 2015 оны төсвийн тодотголд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя хэмээн тусгасан нь өрийн таазыг нэмэх асуудал байв. Өрийн хязгаар хэдийнэ хуулиа зөрччихсөн дээрээс нь одоо байгаа дээр нь нэмэхгүй гэж ах намтай гар хөлөө барилцсан атлаа эргэж хараад өөр зүйл ярьж байгаа нь энэ. Гэхдээ тэд хөшигний цаана хэрхэн үлдэхээ сайтар тооцоолдог нь өрийн хязгаарыг нэмэх асуудлаас илт харагдана. Төсвийн тодотгол дээр хэдийгээр Сангийн яам голчлон ажиллаж, боловсруулалтыг хийж байгаа ч Засгийн тэргүүн ямар хуульд, хэрхэн өөрчлөлт оруулах талаар чиглэл өгч байгаа. Өөрөөр хэлбэл, улсын өрийг нэмэхээр оруулж ирсний цаана Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг бий. Гэтэл тэрбээр хөшигний цаана үлдэж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үед байцаагдаж буй Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг дур мэдэн улсын өрийг нэмэхээр оруулж ирсэн мэтээр олон нийтэд ойлгуулж байгаа нь нууц биш. Үнэндээ АН-ынхан засгийн эрх барьж байх үедээ олон зүйлийг хуулийн босгоос хэтрүүлсэн нь эхнээсээ илэрч байгаагийн нэг нь өрийн босго. Харин цаашлаад ямар асуудлыг хуулиас хэтрүүлснийг цаг хугацаа илчлэх биз. Тэднийг ингэж өрийн босгыг нэмэхийг МАН-ынхан хүчтэй эсэргүүцсэнээр Төсвийн тогтвортой байдлыг тухай хуулийг УИХ-ын чуулган дээр унагааж чадсан. Эхний ээлжид өрийн босгыг ДНБ-ий 70 хувьд хүргэхээр оруулж ирсэн нь ийнхүү эхний босгоо давж чадалгүй унасан ч өнгөрсөн долоо хоногт 10 хувиар бууруулж, өрийн таазыг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр санал оруулж ирсэн нь гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж, эхний босгоо даваад байгаа юм. Үнэндээ хүссэн хүсээгүй өрийн босго бараг 60 хувьд хүрчихээд байгааг Сангийн сайд хэлсэн. Учир нь, Н.Алтанхуягийг засаг тэргүүлж байх үед гаднаас босгосон “Чингис”, “Самурай” бондын их хэмжээний мөнгө төсвөөс гадуур буюу Хөгжлийн банкинд явж байсан нь ийнхүү Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчих үндэслэл болсныг хэлэх гишүүн цөөнгүй бий. Эдгээр бондын болон олон улсын зах зээлээс босгосон 580 сая ам.доллар зэргийг төсөвт татаж нэгтгэснээр хүссэн хүсээгүй өрийн хэмжээ автоматаар нэмэгдэж байгааг Сангийн сайд хэлж байгаа. Товчхондоо, АН-ынхан өнгөрсөн хугацаанд юм бүхнийг хүч түрсээр өрийн хязгаарыг хуулиас хэтрүүлж, улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, төрийн санг улайлгах дээрээ тулгасан учраас өдгөө манай улс гаднаас зээл авахгүй бол өндийхөд хэцүү болчихоод байна. Ингэж АН-ынхан хамтарснаасаа хойш өрийн босгыг нэмэхгүй гэдэг амлалтаасаа буцав. Харин дараагийн асуудал нь мөн л төсвийн тодотголтой холбоотой. Ер нь АН энэ удаагийн төсвийн тодотголыг алдаагаа цайруулах зорилгоор боловсруулсан гэвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу. Хамтарсан гэх нэрийн дор өмнө хийсэн хуудуутай асуудлаа далдлаад авах санаархал ч тэдний тархинд байж болох юм. Үүнийг гэрчлэх нэг жишээ бол дээр дурдсанчлан өрийн босгыг хуулийн хязгаараас хэтрүүлсэн явдал. Харин дараагийнх нь “Халамжуудыг үргэлжлүүлэн олгохоор боллоо” гэх АН-ын болон УИХ-ын дарга З.Энхболдын хийсэн шоу. Бүр тодруулбал, тэрбээр өнгөрсөн лхагва гаригт “АН-ын бүлэг хуралдаад хүүхдийн болон одонтой эхчүүдийн халамжийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоос гадна гибрид машины татварыг хэвээр үлдээхээр боллоо” хэмээн твиттер болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэннь олон хүнээс нэмэх оноо авчрав. Гэтэл үнэндээ энэ ньАН-ынхны арга ядсан шоу байлаа. Ингэж хэлэхийн учир нь, МАН сөрөг хүчин байхдаа дээрх халамжийг хасч танахын эсрэг байснаас гадна төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэх шаардлагыг удаа дараа тавьж байсныг уншигч та санаж байгаа болов уу. Тэд засагт хамтарсныхаа дараа ч мөн төсвийн тодотголд халамжуудыг тодорхой хэмжээгээр танах, олон төрлийн татвар авах зэргийг тусгасныг хүчтэй эсэргүүцэж, бүлгийн гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. Гэтэл АН-ынхан өнөөх л үнэгэн залиа гаргаж, иргэдээс оноо авахын тулд МАН-ынхнаас урьтан, “Бид халамжийн бодлогыг хэвээр үлдээхээр боллоо” хэмээн зарлах нь тэр. Угтаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг халамжийн бодлогоос татгалзахаа мэдэгдэж, төсвийн төслийг боловсруулахдаа хасч, танах байдлаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, халамжийн бодлогыг хасах нь МАН-ын биш АН-ын санаачилга байв. Гэсэн атал ердөө л зөв зүйл хийсэн болж харагдахын тулд ийнхүү богино зайн улс төр хийж байгаа нь өрөвдмөөр. Үнэндээ хоёр жилийн хугацаанд засаг толгойлсон намын хувьд тэд халамжийн бодлогыг хэвээр үлдээнэ гэж оноо авах гэж зүтгэхийн оронд МАН-ын гишүүдийн төдийгүй эдийн засагч, улстөрчдийн хүсээд байгаа “Хямралаас гарах төлөвлөгөө”-г боловсруулаад олонд зарласан бол илүү ухаалаг харагдах байлаа. Засгийн эрх барьж байгаа нам “Хуучин бодлогыг хэвээр нь үлдээнэ” гэж шоудах дээрээ тулчихсан хэрэг үү, тэдэнд үүнээс илүү оюуны бяд байхгүй гэж үү. Үнэндээ АН-ынхан МАН-ынхныг засагт урьснаар “гал атгуулсан” гэвэл хилс болохгүй. МАН хэрвээ зөвхөн намаа бодсон бол АН-ынхан улс орныг яаж элгээр нь хэвтүүлэхийг үзэгчийн байр сууринаас хараад суух байлаа. Гэвч тэд “Эдийн засгийн хүндрэл, иргэдийн амьдралын хэцүүг хараад сууж чадаагүй учрааас засагт хамтарсан”. Энэ бол ах намын даргын засагт хамтрахдаа хэлсэн тайлбар. Харин АН-ынхан улс төрийн хувьд тэг зогсолт хийх дээрээ тулчихаад байгаагийн ганцхан жишээ нь энэ. Цаашид тэднээс шинэ санаачилга гарна гэж итгэхэд бэрх. Харин хэн нэг намын эсвэл улстөрчийн гаргасан сайн санааг хулгайлж, өөрийн нэр дээр олонд таниулах арга сэднэ гэвэл үнэнд ойртохоор болжээ.
М.Өнөржаргал