Идэр есийн хүйтэнд өвдөг дээрээ сөхөрч суугаад өмнөө хайрцаг тавин дуу дуулж, гуйлга гуйх хүүхэд үе үехэн таардаг. Нийгмээс гадуурхагдаж ингэж суух хүүхдийг хараад эмзэг сэтгэл төрөх хүн олон бий.
Тэдний нүднээс бидний ирээдүйг тольдоход ямар харагдах бол доо. Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч байгаа болов уу гэсэн асуулт үргэлж тулгарах юм.
Хорвоогийн бор, шар хоногуудыг өглөө оройгүй гуйлга гуйж, цайны газруудын хоолны үлдэгдлийг идэж өнгөрөөдөг хүүхдүүд ихэвчлэн харж хандах хүнгүй, гэр бүлийн хүчирхийллээс болж гэрээсээ дайждаг гэнэ. Тиймээс энэ талаар үргэлж хөндөж, мартсан нэгэнд нь сануулж байх хэрэгтэй гэж бодлоо. Учир нь өнөөдрийн тэнэмэл гэж адлагдсан тэдгээр хүүхдүүд хүссэн, хүсээгүй монголчууд бидний маргаашийн залгамжлагчид юм. Манай улсад 1990-ээд оны эхээр ардчиллын хөх салхитай зэрэгцэн “траншейныхан” гэх бүхэл бүтэн нийгмийн давхарга бий болсон.
Өнөөдөр гудамжны амьдралыг сонгосон 6-17 насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь ар гэрийн ядуу, зүдүү байдлаас болж энэ амьдралыг сонгосон байдаг. Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох төв дээр хүргэгдэж ирсэн хүүхдүүдийн ихэнх нь хөвгүүд. Тэд хүйтэн сэрүүний улиралд байрны орц, траншейнд орогнодог бол урин дулаан цагт цэцэрлэгт хүрээлэн, автобусны буудал, авто машины граж зэрэг дуртай газраа хонодог. Нэг үгээр хэлбэл малгай тавибал манайх, маргааш болвол танайх гээд явж байдаг гэхэд болно.
Тэгвэл хүүхдийн төлөө үндэсний газар нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран дараагийн хоёр жилд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн байна. Тус газар УИХ-д өргөн баригдсан хүүхдийн эрхийг хамгаалах хуулиуд батлагдан гарахтай холбогдуулан хүүхэд гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээг бий болгох, стандарт, дүрэм журмыг боловсруулах ажлыг хийж, төсөл хөтөлбөрүүддээ бодлогын үр дүнгийн шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Хүүхдийн эрхийг хангахад тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх зорилготой хүүхдэд ээлтэй орон нутаг санаачлах хөтөлбөр Хөвсгөл аймаг, Налайх дүүргүүдэд хэрэгжиж байгаа. Монгол Улсад 100 орчим мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 15 мянга орчим нь хүнд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий. Хүний эрхийн үндэсний комиссоос хөдөө орон нутагт хаяг бүртгэлгүй хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг олдогч хүлээлгэн өгөх газар байдаггүй тул арга хэмжээ авч чаддаггүй юм байна.
Ямартай ч Хүүхдийн төлөө төрийн бус байгууллагууд хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг далд хэлбэрт шилжсэн тул хүүхдэд хүрч ажиллах хэрэгтэй байгааг онцолж байна билээ. Монголын ирээдүй гудам¬жинд амьдарч байна гээд боддоо.
Эх сурвалж: www.new.mn