Нэг байгууллага сард 42 сая төгрөгөөр хамгаалуулдаг тухай фейсбүүк хэрэглэгч нэгэн мэдээлэл тарааж байв. Гэхдээ бүр татвар төлөгчдийн мөнгөөр шүү дээ.
Энэ байгууллага бол МҮОНРТ юм. Тэд жилд 499 сая, сард 42 сая төгрөгөөр хамгаалуулахаар “Барбаатар” ХХК-тай гэрээ байгуулсан байсныг тус телевизийн дэд захирал асан Ё.Батбаяр мэдээлж байсан билээ.
Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хурлаар МҮОНРТ-ийг Онцгой обьектын жагсаалтаас хасах шийдвэр гарсан. Энэ дагуу телевизийн Үндэсний зөвлөлийн 15 дугаар тогтоол гарч МҮОНРТ-ийн хамгаалалтыг гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Тогтоолын дагуу тус байгууллагын Ерөнхий захирал асан М.Наранбаатар тендер зарлаж, улмаар “Барбаатар” гэх компанийг улсын төсвийн энэ их хөрөнгөөр санхүүжүүлэн хамгаалуулах болсон юм.
Тэгвэл Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн төв байр, радио, телевизийн эфирийн студи зэргийг Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах “Онцгой обьектын жагсаалт”-д буцаан оруулах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр МҮОНРТ-ийн хамгаалалтад зарцуулж байсан төсвийн хөрөнгийг төрийн байгууллагад зарцуулах боломжтой болж байна.
Olloo.mn