Хулхи нь буусан “фортуна” Н.Батбаяр сураг алдарч, тодорхой төсөл төлөвлөгөөгүй 1.5 тэрбум ам.доллар зээлж үрсэн хэргээр шалгагдах тухай сураг нисэлдэж байна. Гэхдээ энэ сураг бүр нам дотроос нь, улстөрийн хүрээнээс аж.
Баттай бус ч эх сурвалжийн, бүр тодруулбал, намынх нь нөхдийн ярьж байгаагаар бол айсуй 2016 оны сонгууль угтсан томоохон стратеги төлөвлөгөө байгаа юм байх. Өнгөрөгч жилүүдэд нэр хүндээ багагүй унагасан АН нэрээ цэвэрлэж, ард түмэнд таалагдаж байж сонгуульд орохыг эрхэмлэж байгаа гэнэ. Тиймээс энэхүү сонгуулийн стратеги төлөвлөгөөнд 1.5 тэрбум ам.доллар зээлсэн нөхдийг шалгаж, эрүү үүсгэх нь зайлшгүй юм байна.
Нам эвсэл манай танай гэхгүй шударга дүр эсгэж, төрийн өмнөөс их мөнгө зээлж үрэн таран хийсэн Н.Батбаярыг цагдан хорих ч энүүхэнд юм байх. Мэдээжийн хэрэг баталгаа гаргаж өгсөн тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ч энэ дансанд орчихоод байна. Урины үзүүр сэвэлзэх үест энэ ажиллагаа эхэлж 2016 оны сонгууль дуустал үргэлжлэх аж. Магадгүй тэр болтол хэргийг хэлэлцэж, мөрдөн байцаалт явуулж, цагдан хорьж таарна.
Хэрвээ тэгэхгүй бол нийлээд л эвлрээд иддэг уудаг гээд АН сонгуулиар өндийхгүй нь лавтай. Үүнийгээ ч сайн мэдэж байгаа бололтой. Монгол төрийн өндөр дээр албан тушаалыг бүгдийг нь хашиж үзсэн Н.Энхбаярын хөлийг нь гозолзуулаад ачдаг юм чинь муу “фортуна” ч яршиг биз дээ. Н.Алтанхуяг ч ялгаагүй. Цаг ирвээс Н.Алтанхуяг “фортуна” хоёрын барьсан гэх хэдэн зам аминд нь орохгүй л болов уу. “Буянт-Ухаа” хороолол, “Гудамж” төсөл яагаад ч тэдний аминд орж чадахгүй.
Юутай ч энэхүү мэдээллийг Ардчилсан нам дотооддоо сэм ярилцаж сууна. Аргагүй 2015 он гараад явж байна, сонгууль хаяанд ирсэн гэхэд болно. Өнгөрөгч сонгуулиар МАН-ын данстай олон нөхдийг торны цаана хийж сонгуульдсан. Тэгэхээр айсуй 2016 онд Ардчилсан намын хэсэг нөхдийг торны цаана суулгаж сонгуульдах нь тодорхой болжээ. Энэхүү эгнээг “фортуна” Н.Батбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх нар тэргүүлж байгааг баттай эх сурвалж хэлж байна.
Яахав, аз байвал сонгууль өнгөрөөгөөд ямар нэгэн байдлаар суллах байх. Хэдэн сар хориод хэргийг нь нэг тийш болгоод суллах болов уу. Эсвэл нэгэнт баривчилсан болохоор цөөн жилийн ял оноож ялыг нь эдүүлж таарна. Аль ч талаас нь харсан их хэмжээний мөнгө зээлж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд буруу алхам хийсэн нөхдийг шалгах нь зүйн хэрэг. Хэдийгээр сонгуулийн шоу ч гэсэн хорих нь зүйн хэрэг гэдгийг хаа хаанаа ярьж сууна.
А.Гал
Эх сурвалж: Unen.mn