Ерөнхийлөгчийн сонгуулийг хурдан морины уралдаантай зүйрлэх юм бол барианы зурхайн бараа харагдаж эхлэлээ. Мэдээжийн хэрэг хэн нь түрүүлэхийг хэлэх боломжгүй. Гэсэн хэдий ч одоогийн уралдааныг харах юм бол хазаар татаж явахгүй бол хадуураад юмуу барианы зурхайн өмнө хойш суучихаж магадгүй нэг морь, хэдий хүч гарган барианы зурхай руу тэмүүлэх боловч хүүхэд нь томдсон, уяа сойлго нь тааруухан нэг морь, энэ хоёрын тоосонд дарагдаад барианы зурхай ойртсон үгүйг ч анзаарах сөхөөгүй яваа,гэхдээ барианы зурхайд хүрэх нь нэр төрийн хэрэг гэж унаач хүүхэд нь бодож яваа бас нэг морь байх.
Энэ уралдаанд хэний морь түрүүлэхийг урьдчилан таагчид олон ч, өөр өөрийн дэмждэг морьдоо түрүүлчих байх гэж найдсан байдалтай. Гэтэл үнэндээ бариа хүртэлх зайг хурдан морьдын унаач хүүхдүүдийн ур чадвар л тодорхой болгоно гэх.
Унаач хүүхдүүд хэтэрхий морио шахаж, зэргэлдээх морьтойгоо өрсөлдүүлэх нь тухайн хурдан морьны хүчийг бараад зогсохгүй, барианы зурхай хүрэхээс өмнө бахардуулах муу талтай. Хол тасархай түрүүлнэ гэж найдаад жолоо зулбуураа сул хаях нь тухайн морийг хадуурах, хүчийг нь буруу хувиарлах сул талтайг хашир унаач хүүхдүүд юу андах аж.
Ямартай ч хурдан морь үзэх “наадамчин” бидэнд үзүүштэй уралдаан болох нь тодорхой байна.
Ц.Мөнх