Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яамны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар салбарынхаа нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулав. “Улсын хэмжээнд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан байгаа бөгөөд нийт цахилгаан станцуудын үндсэн тоноглол 100 хувь ажиллаж байна. Хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд цаашид эрчим хүчний эрэлт, хэрэгцээ тогтмол өсч байгаа юм. Тиймээс уг асуудлыг төрийн бодлогын түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох шаардлага тулгараад байгаа” гэлээ.
Эрчим хүчний сайд Д.Зоригт энэ салбарын найдвартай, аюулгүй ажиллагааг хангах үүднээс техник, тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд шинэчлэх, жилд 8-10 хувиар өсч байгаа эрчим хүч, дулааны хэрэглээг хангах эх үүсвэрийг нэмэгдүүлэх, энэ салбарын алдагдлыг бууруулах чиглэлээр нэн яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг танилцуулаад, Эдийн засгийн байнгын хороо эрчим хүчний салбарын үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжиж ажиллана хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.
Эрчим хүчний яамны танилцуулга, мэдээллийн дараа Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь эрчим хүчний салбарын тулгамдаад буй асуудлуудад ач холбогдол өгч, анхаарч ажиллана гэлээ. Мөн тэрээр бүтээн байгуулалт ид өрнөж, үйлдвэржилтийн талаар бодлогын түвшинд яригдаж буй энэ цагт эрчим хүчний салбарын тогтвортой үйл ажиллагаа нэн чухал. Нөгөөтэйгүүр, салбарын үйлдвэрлэлийн алдагдлыг үнэ тарифаа өсгөх замаар шийдвэрлэх нь буруу. Энэ салбарын бодлого боловсруулагчид, олон жил ажилласан дадлага туршлагатай мэргэжилтнүүд нь орчин үеийн арга технологийг нэвтрүүлэх, хямд өртөгтэй эрчим хүч, дулаан үйлдвэрлэх арга шийдлийг эрэлхийлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага байгааг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.