Б.Золзаяа: 2 сая дахь иргэн болж төрсөнөөрөө бахархдаг

0281377e20b21837bigМонгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн гэдэг мэдээлэл өнөөдрийн хамгийн сайхан мэдээ байлаа. 3 сая дахь иргэнээ угтан авахаар улсын хэмжээнд хүлээн догдолсоор Морин жилдээ ийнхүү угтан авлаа. Тэгвэл 3 сая дахь иргэдийн сургаар нам жимхэн амьдарч байсан монголын 2 сая дахь иргэд ил гарсан юм. Мэдээж монголын 2 сая дахь иргэн 27 жилийн дараа хэрхэн юу хийж амьдарч байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тиймээс монголын 2 сая дахь иргэн Б.Золзаяатай ярилцлаа.

-Монголын 2 сая дахь иргэн болж мэндэлсэнд баяр хүргье. Өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?

-Намайг Баяраагийн Золзаяа гэдэг. Би 1988 оны долдугаар сарын 10-11-нд шилжих шөнө мэндэлсэн.
-Тэгэхээр монголын 2 сая дахь иргэд 1988 оны долдугаар сарын 10-нд мэндэлж байжээ?

-Тийм. 1988 оны долдугаар сарын 10-нд улсын хэмжээнд нийт 279 хүүхэд мэндэлсэн байдаг юм билээ. Тэднээс 25-ыг нь Монгол улсын 2 сая дахь иргэнээр бүртгэж авсан байдаг. Миний хувьд 5 дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Харин үлдсэн 254 хүүхдийг 2 сая дахь иргэний үе чацуутнууд гэж бүртгэж авсан байдаг юм.
-2 сая дахь иргэд хаана, юу хийж явдаг нь их нууцлаг байлаа. 3 сая дахь иргэдийн сургаар л ил гарч ирлээ. Ер нь хоорондоо холбоотой байдаг уу?

-Тэглээ. Ер нь бол ямар хүмүүс байдгийг нь ч мэддэггүй байлаа. Харин 27 жилийн дараа 3 сая дахь иргэд мэндлэх сургаар холбоо тогтоож чадлаа. 2 сая дахь 25 иргэн байдаг ч өнөөдрийн байдлаар 14-тэй нь холбоо тогтоож чадсан. Удахгүй уулзана гэж ярилцсан. Уулзалт их гоё болох байхаа.

c01d79fa687af08eoriginal (1)-Мэдээж 2 сая дахь иргэн болж төрсөнөөрөө их бахархана биз дээ?

-Мэдээж шүү дээ. Бид чинь монголын нэгээхэн том түүх. 2 сая дахь иргэн болж төрсөнөөрөө их бахархдаг.

-Тухайн үед та нарт төр засгаас бэлэг өгч байв уу. 3 сая дахь иргэнд 70 сая төгрөг, үе чацуутнуудад 3 сая төгрөг өгөх юм билээ?

-2 сая дахь иргэн болж мэндэлсэн 25 хүүхэддээ байр өгч байсан. Миний хувьд Сансарт нэг өрөө байр бэлгэнд авч байлаа.

-Ер нь өнгөрсөн хугацаанд төр засгаас 2 сая дахь иргэдтэйгээ уулзаж байв уу?

-Үгүй. Огт хүлээн авч уулзаж байгаагүй. Уг нь бол монголын түүх болсон иргэдээ нэг ч болов хүлээн авч уулзвал сайхан л санагдана. 1 сая дахь иргэн 1964 онд төрсөн байдаг юм билээ.
-Өөрөө аль аймгаас тодорсон 2 сая дахь иргэн бэ?

-Би Сүхбаатар аймагт төрсөн. Намайг аймгийн эмч Адьяа гэж эмч эх барьж авсан байдаг. Одоо Амгаланд хүүхдүүдтэйгээ амьдардаг гэсэн. Мэдээж эх барьж авсан ээжтэйгээ уулзахыг маш их хүсдэг ч очиж амжихгүй юм. Эх барьсан ээж маань ч надтай уулзахыг хүсдэг гэнэ лээ. Танай сайтаар дамжуулаад эрүүл энх, урт удаан наслаарай гэж хүсэн ерөөе.

-Та одоо хаана ямар ажил эрхэлж байна вэ?

-Би эмч мэргэжилтэй. Мэргэжлээрээ эмнэлгийн байгууллагад ажиллаж байна. Миний өвөө хорт хавдараар нас барсан. Тэр үед манай хамаатнууд дунд эмч мэргэжилтэй хүн байгаагүй. Тэр үед өвөө маань  намайг эмч болгоорой гэж захиж байсан. Би өвөөгийнхөө захиасыг биелүүлсэндээ их баяртай байна.

Эх сурвалж: www.24tsag.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …