Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авах болсноо зарласан. Энэхүү ажлыг зохион байгуулах журам, техникийн нөхцлийн талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан өгөх саналын үйл ажиллагаанд 2015 оны 1 дугаар сарын 31-ээс 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд хяналт тавьж, ажлын тайланг саналын дүнгийн хамт 2 дугаар сарын 04-ний өдөрт багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
Үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд мессежээр илгээнэ. Саналын хариуг “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр хүлээн авах бөгөөд өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцно. Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй. 15151111 дугаарт мессеж илгээхэд үнэнгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ. Харин санал асуулга эхлэхээс 7 хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.