Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комиссийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ахалж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар орлогч даргаар ажилласан. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулан 2015 оны 01-р сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын хүн ам 2015 оны 1 дүгээр сарын 24-нд гурван сая болж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-31 тоотод оршин суугч Монгол Улсын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын энэ өдрийн 08 цаг 27 минутад мэндэлсэн охиныг гурван сая дахь иргэнээр тодруулсныг өчигдөр зарласан.
Тэгвэл өнөөдөр тус комисс хэвлэлийн бага хурал зарлаж, аймаг, нийслэлийн дүүрэгт мэндэлсэн 29 чацуутныг зарлалаа. Монгол Улс гурван сая дахь иргэнээ 70 сая хүртэл төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнана. Мөн гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан болсон хүүхдүүдэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс тус бүр гурван сая төгрөгийн тэтгэлэг олгох юм. “Гурван сая дахь иргэн, түүний үе чацуутнуудыг алдаршуулж, мөнгөн тэтгэлгийг ирэх сарын 10-ны дотор олгоно гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэллээ.
Түүнчлэн гурван сая дахь иргэн тодорсноос бусад аймаг, нийслэлийн дүүрэгт Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр төрсөн нэг чацуутанд 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулах ажлыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга орон нутагтаа зохион байгуулах юм.