Үндсэн 7 төрлийн сонсгол явуулахаар төсөлд тусгажээ

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Цог нар тус тус танилцууллаа.

DSC_2415Улсын Их Хурлын хууль тогтоох, хяналт тавих зэрэг чиг үүргийн хүрээнд төдийгүй хуулиар эрх шилжүүлсний үндсэн дээр хууль санаачлагч, төрийн байгууллага, албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэм хэмжээ тогтоосон акт болон нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах, хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан энэ хуулийн төслийг боловсруулсан ажээ.

Хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 7 төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгасан байна.

DSC_2436Мөн хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох сонсголыг, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг тус тус явуулахаар тусгажээ.

Улсын Их Хурал нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулах бөгөөд Улсын Их Хурлаас мөрдөн шалгах сонсголыг явуулахдаа хэлэлцэх баримт сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулах, Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулах, Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан тушаалтныг томилохдоо томилгооны сонсгол явуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

DSC_2441Харин Орон нутгийн сонсголыг Улсын Их Хурал, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар заасан байна.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавихдаа, сонсголыг ямар байгууллага хариуцах, сонсголыг явуулах үндэслэл нь юу байх, анхлан санаачлагч нь хэн байх, мөрдөн шалгах сонсгол гэдгийг хэрхэн ойлгох, сонсгол нь нээлттэй хэлэлцүүлгээс юугаар ялгаатай байх, сонсголыг зохион байгуулах хүсэлтийг хэн, хэрхэн гаргах, нийтийн сонсголын талаарх олон улсын парламентын туршлагыг хэрхэн харгалзан үзэж тусгасан, мөрдөн шалгах сонсголыг явуулах эрх нь яагаад хязгаарлагдмал байгаа,томилгооны сонсголын зохицуулалт ямар байх, энэ хуулийн төслийг Үндсэн хууль болон бусад хуулиудтай хэрхэн уялдуулсан,сонсголыг улс төрийн болон хувийн ашиг сонирхолдоо ашиглах тохиолдлыг хэрхэн хязгаарлах, хаах зэрэг асуудалд илтгэгчийн анхаарлыг хандуулж хариулт авав.

Үүний дараа хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд саналаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших хуралдаанаар уг асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …