Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авах болсноо зарласан. Өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс албан ёсоор эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 3-ны өдөр дуусаж, 4-ний өдөр дүн мэдээллийг багцлан ЗГХЭГ-т хүргэх юм.
Үүрэн холбооны сүлжээ эрхлэгч иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчид мессежээр илгээнэ. Саналын хариуг “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр хүлээн авч, өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцно. Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй.
15151111 дугаарт мессеж илгээхэд үнэгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтойг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ. Санал асуулга эхлэхээс 7 хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм байна.