Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, хяналтын газар, хэлтсийн дарга нарын ээлжит шуурхай хурал 2015 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр боллоо. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүрэгт сүү, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаад хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх үүрэг болголоо. Гэхдээ хяналт нэрийн дор худалдаа эрхлэгчдийг дарамтлан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн оролдлого гарч болзошгүйг онцгой анхаарахыг сануулав.
Энэ жил олон жилийн дундажтай харьцуулахад мөсний зузаан 5-10 см нимгэн байгаа учир иргэдийг баталгаатай замаар зорчихыг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж байна. Мөн барилгын ажил эхлэхээс өмнө аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэлэлцүүлэг хийж, ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эрүүл мэнд хохироохгүй байхын төлөө Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үүрэг хариуцлагаа хаа хаанаа ухамсарлаж ажиллахаар боллоо.
Хэд хэдэн аймагт малын галзуу өвчин гарч байгаа учир урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах зэргийг тусгасан зөвлөмжийг орон нутагт хүргүүлнэ. Мөн хилээр эм, ялангуяа малын эм ихээр орж ирж байгаа учир энэ чиглэлээр хяналт тавих, экспорт, импортын мэдэгдлийг хэдэн аж ахуйн нэгж авсан талаархи мэдээллээ ил тод болгох зэрэг үүргийг холбогдох газрууд хэрэгжүүлж ажиллахаар боллоо.