УРИАЛГА
Эрхэм хүндэт Дорноговьчууд та бүхэндээ ирж буй хонин жилийн мэнд дэвшүүлж, аз жаргал амжилт бүтээлийн дээд бүхнийг хүсье.
Монголчууд бид эрт дээр үеэс аливаа баяр ёслолдоо өв уламжлал, ёс заншлаа дээдлэн цайлган сэтгэлийн бэлгэдэл болсон айраг, цагаан идээгээр дайлах хүндэтгэлийн үйлийг хэвшүүлж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл хэдий үеэс нь үл мэдэгдэх “Архи бол идээний дээж”, “Цагаан сараар цагаан архиар дайлах ёстой” гэсэн буруу ойлголтууд бий болсноос зохисгүй хэрэглээ газар авчээ.
Иймээс Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аймгийн Ахмадын холбоо, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, аймгийн Залуучуудын холбоо, аймгийн Ахмадын чөлөөт холбоо, “Дорнын Соён зүг”, “Их говийн маргааш” Төрийн бус байгууллагуудаас санаачлан “Архигүй баяр ёслол” хэлэлцүүлгийг зохион байгуулж түүнээс гарсан иргэдийн санал санаачлагыг хэрэгжүүлэхээр Та бүхэнд УРИАЛГА болгон сонордуулж байна.
Нийт иргэддээ хандаж уриалах нь:
1.Бүх нийтээр болон хувь хүн, өрх айл, хамт олны хүрээнд тохиодог баяр ёслол, тэмдэглэлт өдөр, ойн арга хэмжээг АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГҮЙ тэмдэглэж хэвшье…
2.Монголын уламжлалт баяр, цагаан сарыг ахмадаа хүндлэх, учран золгох, соёл өв уламжлалаа хүүхэд багачууддаа зааж сургах, таниулах, садан төрлөөрөө цуглаж жилийнхээ өнгө төрх, цог хийморийг шинжин ярилцдаг үндэсний хэв шинжтэй баяр болгон тэмдэглэе…
3.Өрх бүр Хонин жилийн цагаан сарын баяраас эхлэн “Архины хэрэглээгүй тэмдэглэлт баяр” хөдөлгөөнд нэгдье…
АРХИАР БУС ГЭГЭЭН ҮЙЛСЭЭР ДАВАЛГААЛЦГААЯ.
Уриалга гаргасан:
Дорноговь аймгийн Ахмадын холбоо
Дорноговь аймгийн Залуучуудын холбоо
Дорноговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл
Дорноговь аймгийн Ахмадын чөлөөт холбоо
“Дорнын Соён зүг” ТББ
“Их говийн маргааш” ТББ
Шинийг санаачлагч, нийгмийн манлайлагч оюуны түүчээ болсон залуучуудынхаа цаашдын ажил үйлсэд улам их амжилт хүсье.