ХОТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН 42 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ТӨСВИЙН ТОДОТГОЛД ОРУУЛЖЭЭ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 6 дугаар сарын 20-нд болж хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын тухай, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын тухай нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.

Нийслэлийн 2013 оны төсвийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд төсвийн гол агуулга нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахад оршиж байгаа юм. Тиймээс 2013 оны төсөвт тодотгол хийж төрийн үйлчилгээг сайжруулж иргэдэд ойртуулах, хот тохижилт,  бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг шуурхайлж, нэмэгдүүлэх  зорилгоор НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу төсөвт тодотгол хийхээр танилцуулж байна гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас нийслэлийн 2013 оны төсвийн тодотголд тусгуулахаар 579 төсөл, арга хэмжээний санал ирсэн байна.Эдгээрээс зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн 42 төсөл арга хэмжээг төсвийн тодотголд оруулжээ.

Тухайлбал, Соёлын төв өргөө, Монголын Хүүхдийн ордонд их засвар хийж шинэчлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд гэрэлтүүлэг хийх, алслагдсан хорооллуудын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг тээвэрлэх дунд оврын 10 ширхэг автобус авах, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори байгуулах зэрэг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголд  шинээр оруулжээ.
Удирдлагын зөвлөлийн гишүүд, нийслэл хотод шинээр баригдах цэцэрлэг-бага сургуулийн цогцолборын барилгын ажлын зураг төсвийг төсвийн тодотголд нэмж оруулах, хот тохижилтын ажлын хүрээнд шинэ техник хэрэгсэл худалдан авах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжуурлах, хог хаягдлын шинэ менежметийг хэрэгжүүлэхэд шаардагдах зарим хөрөнгийг 2013 оны төсвийн тодотголд оруулах шаардлагатай байгааг хэлсэн юм. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт болон гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн иргэд нэмэгдэж байгаа учраас төлөвлөлтөд хамрагдаагүй гэр хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулж,  шаардагдах хөрөнгийг гаргах хэрэгтэй гэсэн саналыг нийслэлийн Засаг дарга хэллээ. Харин нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, бид гадны компаниудтай хамтран Улаанбаатар хотын дүүргүүдийг бүхэлд нь дахин төлөвлөх ажлыг хийж байгаа. Одоогийн байдлаар Германы компанитай хамтран Баянзүрх дүүргийг бүхэлд нь төлөвлөж, эскик зургийг боловсруулж байна. Иймд тусгайлан ажлын хэсэг гаргах шаардлагагүй гэлээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцээд гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Санал болгох мэдээ

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

УИХ, Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнэ өртгийг тогтворжуулах ажлын хүрээнд гурил, …