Шударга ёс эвслийн бүлэг 2 асуудлаар завсарлага авав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаан 15 цагт 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай асуудал хэлэлцсэн юм.

DSC_4177Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос, хоёрыг нь Ерөнхийлөгчөөс, хоёрыг нь Улсын дээд шүүхээс санал болгож нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцэж зургаан жилийн хугацаатай томилдог хуулийн заалттай. Одоогоор тус хорооны 9 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн нас барсан тул нөхөн томилох болоод байгаа аж. Тэдний нэгийг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож нэр дэвшүүлэх юм байна.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тус байнгын хорооноос нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж тус хорооны даргаар Ч.Содномцэрэнг улируулан томилох санал гаргасан бол УИХ-ын гишүүн Н.Энхболд тус хорооны гишүүнээр Р.Содхүү, Ц.Болдсайхан нарыг томилуулахаар нэр дэвшүүлэв. Нэр дэвшигч Р.Содхүү урьд нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан агаад одоо Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байгаа аж. Харин нэр дэвшигч Ц.Болдсайхан нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

DSC_4192Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг гэнэт оруулж ирж хэлэлцүүлж байгаад гайхаж байна. Бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл алга. Тиймээс энэ асуудлыг бүлэг дээрээ ярилцаж санал солилцох үүднээс завсарлага авах хүсэлтэй байна” гэдгээ хэлсэн юм. Энэ тухайд Байнгын хорооны дарга А.Бакей “Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өмнөх долоо хоногт нь УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тохирдог. Тиймээс мэдээлэл алга гэж хэлж болохгүй. Бид адилхан мэдээлэлтэй байгаа. Намрын чуулган завсарлах хугацаа дөхсөн энэ үед төрийн байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс энэ асуудлыг хэлэлцэж шийдэх нь чухал байна” гэдгээ хэллээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар ч түүнтэй адил саналтай байгаагаа хэлсэн юм. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуулийн дагуу 5 хоногийн завсарлага авсан тул энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.

Дараа нь УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нарын нэр бүхий таван гишүүнээс өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Уянга танилцуулсан юм.

DSC_4221Тэрээр танилцуулгадаа, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law Film” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны төсөвт тусгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөр 455 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь нь татвар төлөгчийн хөрөнгө, төсвийн хөрөнгийг шамшигдуулан зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулах үндэслэл болсон гэж үзэж огцруулах саналыг тавьж буйгаа хэлсэн юм.

Дараа нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан тус намын бүлэгт иргэдээс олон захидал, санал ирсэн тул асуудлыг судлан үзэж нэмж тодруулах шаардлагын үүднээс эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа.

DSC_4241Харин УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Баярцогт нэр бүхий гишүүдээс гаргасан огцруулах саналтай холбогдуулан хэлэхдээ, “Шударга ёс” эвслийн бүлгийг завсарлага авч байгаад харамсаж байна. Огцруулах санал өргөн барьсан хоёр хоногийн хугацаанд хувь хүн, хувь улстөрчийн, Засгийн газрын, УИХ-ын нэр хүндийг гутаах хангалттай пиар хийлээ. Тиймээс би УИХ-ын Ёс зүйн дэд хороо, шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандана. Төсвийн байнгын хорооноос бичиг шаардсаны дагуу Хөгжлийн банк Сангийн яаманд бичгээ ирүүлсэн. Сангийн яам энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт бичгээ ирүүлсэн. Тэр бичгийг нь би дамжуулсан. Энэ бол өмнөх Засгийн газрын үед шийдвэр нь гарсан, холбогдох бичиг баримт нь бүрдсэн зүйл. Та бүхэн асуудалд төрийн түшээгийн байр сууринаас хандах хэрэгтэй. Хэрвээ судлах шаардлагатай гэж үзэж байгаа бол асуудлаа татаж ав” гэлээ.

Ингээд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслөөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авснаар Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …