“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2015.02.10/ хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав.

DSC_3998Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12, 6.1.1-д заасны дагуу ашигт малтмалын 15 ордыг Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулан баталсан билээ. Стратегийн ач холбогдол бүхий уг ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5-д заасны дагуу тухай ордыг ашиглах гэрээгээр тодорхойлохоор хуульчлагдсан байна.

Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэт зэрэг ордуудаас харахад, улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудад төрийн зүгээс хувь эзэмшиж оролцох, улмаар тухайн компанийн менежментэд оролцоо багатайгаар төлөөллөө хэрэгжүүлэх, ногдол ашиг хүртэх нь санхүүгийн талаас өндөр өртөг, эрсдэлтэй, хяналт тавьж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдлууд ажиглагдаж буй аж.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос төрийн хүртэх үр өгөөжийг аль болох тодорхой бөгөөд урт хугацаанд тогтвортой байлгах, төрийн хүртэх үр өгөөжийг өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх үүднээс төрийн эзэмшлийн хувь эзэмшил, түүнд хүртэх үр өгөөжийг орлуулах хувилбарыг судлах шаардлага үүссэн хэмээн танилцуулгад онцолсон. Тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоох нь өнөөгийн энэ нөхцөлд төсөвт орлого төвлөрүүлэх хамгийн боломжит хувилбар гэж Засгийн газар тооцсон байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү хуулийн төслийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах эсхүл тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөн төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах сонголтын хийх эрх нээлттэй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын ТЭЗҮ, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалт, ордын нөөцийн болон борлуулалтын орлогын хэмжээ зэргийг харгалзан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх яриа хэлэлцээний үр дүнд Засгийн газраас тусгайлан тогтоох аж.

DSC_3973Иймд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашигтай дүйцэх үр өгөөжийг хөрөнгө оруулагч талтай тохиролцсон тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах асуудлыг зохицуулах зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Дараа нь “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан юм.

Дээрх тогтоолын төсөлд Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох, төрийн эзэмшлийн хувийг тохирох хэлэлцээний явцад уг хувь хэмжээг стратегийн ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбарыг санал болгож, тохиролцсон нөхцөлд хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгохоор тусгажээ. Гацууртын ордын 20 хувийг эзэмшин, уг орд ашгаа өгөх үед хувьцааны ногдол ашиг хэлбэрээр ашгийг нь хүртэхийн оронд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулан авах нь олон улсад түгээмэл хэрэглэдэг практик хэмээн ажлын хэсэг тайлбарлаж байлаа. Ингэхдээ компанийн эхний борлуулалтаас ашгаа хүртэж болох бөгөөд эрсдэл хүлээх зүйл байхгүй хэмээн тодруулж хэлсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай байв. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.

Засгийн газар төрийн өмчийн хувьчлал, өөрчлөн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэхдээ улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хувийн хэвшлийн үр өгөөж бүхий хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн оролцоог багасгах эдийн засгийн бүтцийг бий болгоход голлон анхаарах аж.

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан хуулийн этгээдийг хувьчлахдаа эдийн засагт эзлэх байр суурь, үйл ажиллагааны онцлогт тохируулан уламжлалт арга хэлбэрийг хэрэглэхээс гадна хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд санал болгох, нэмэлт хувьцаа гаргах, хувьцааны төлбөрийн тодорхой хэсэгт арилжааны банкнаас гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ашиглах зэрэг аргыг хэрэглэхээр боловсруулсан байна.

Эрчим хүч, шуудан холбооны салбарт гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, төрийн оролцоог бууруулах шаардлага тавигдаж байгаатай холбогдуулан нэмэлт хувьцаа гаргаж, тэдгээрийг нийтэд санал болгох замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг голлож баримталсан бөгөөд зах зээлийн шаардлагад нийцсэн бүтцийн өөрчлөлт хийхийг зорилго болгож үндсэн чиглэлийг боловсруулсан аж.

Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагуудын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг боловсронгуй болгож төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим бололцоот соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгохоор тусгажээ.

DSC_3994Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан монголын төр өөрийн хөрөнгөдөө үнэлгээ хийсэн үү хэмээн лавлаж байлаа. Тэрбээр, төрийн өмчит 88 аж ахуйн нэгж байгаа гэсэн. Хэд нь алдагдалтай ажиллаж байгаа вэ. Хэдий хэмжээний өр зээлтэй вэ гэж асуусан.

Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийн хариулснаар, төрийн өмчийн үнэлгээ 13.6 триллион төгрөг хэмээн тооцогдсон бөгөөд хамгийн сүүлийн байдлаар энэхүү тоо 3 триллион төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Төрийн өмчит нийт 88 аж ахуйн нэгжээс үйл ажиллагаа явуулахгүй байгааг нь хасаад 63 аж ахуйн нэгжээр статистикийг гаргаж ирсэн хэмээн ТӨХ-ны дарга хэлсэн. Эдгээр 63 аж ахуйн нэгжийн 32 нь алдагдалтай ажилладаг бөгөөд 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Нийт аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн дүнгээр үзвэл өнгөрсөн онд 208 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд 32 тэрбум төгрөгийн алдагдлыг хасвал 176 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн тооцоо байдаг ажээ. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдаанаар Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тхуай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Түүнчлэн “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …