Домогт дуучин Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сард Грэммийн шагнал гардуулах ёслол болохоос нэг хоногийн өмнө байрлаж байсан Лос-Анжелес хотын Беверли Хилтон зочид буудлын ваннаас нас барсан байдалтайгаар олдож байсан билээ.
Тухайн үед түүний үхлийн шалтгааныг мансууруулах бодисын хэрэглээ болон зүрхний өвчний улмаас амиа алдсан хэмээж байсан юм. Тэгвэл алдарт дуучны ганц охин болох Бобби Кристина ч мөн адил ээж Хьюстонтой яг адил байдалтайгаар 2015 оны 1-р сарын 31-ний өдөр Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнд ванн дотор ухаангүй байдалтайгаар олдсон юм. Түүнийг эмнэлэгт хүргэхэд нүүр болон биен дээр нь хөхөрч, шалбарсан байдалтай байжээ. Тэрбээр нэг ч ухаан оролгүй үхэлтэйгээ тэмцэн эмнэлэгт хиймэл амьсгалын аппараттай байгаа бөгөөд ээжтэйгээ нэгэн ижил байдлаар гэрээсээ олдсон нь олны хачирхлыг төрүүлээд байна.
Тэгвэл алдарт дуучны төрсөн ганц охин болох 21 настай Бобби Кристинагийн амьсгалын аппаратыг өнөөдөр салгана гэж Daily mail мэдэгджээ. Тэнгэрийн оронд байгаа бурхдыг дуу хоолойгоороо уяраан байгаа ээждээ охин нь очих гэж яарсан бололтой. Иймээс гэрээсээ олдсон цагаас хойш ухаан ороогүй түүнийг ээжийнх нь тэнгэрт хальсан өдөр буюу өнөөдөр амьсгалын аппаратыг нь салгахаар болжээ. Учир нь Бобби Кристинагийн амь насыг аврах боломгүй гэж эмч нар мэдэгдсэн байна. Өдгөө түүний байгаа эмнэлгийн гадна Боббигийн найз нөхөд, хотын иргэд болон домогт дуучны шүтэн бишрэгчид олноор цуглажээ.
Алдарт дуучин Уитни Хьюстоны шүтэн бишрэгчид болон Бобби Кристинагийн найз нөхөд, Атланта хотын хэдэн мянган иргэд цугларан охины амьдралыг аврахын төлөө залбирч байгаа аж.
АНУ-ын цагдаагийн газар тус хэрэгт гадны оролцоо байж магадгүй хэмээн таамаглаж, эрүүгийн хэрэг үүсгэн найз залууг нь байцааж эхлээд байгаа бөгөөд TMZ сайтад нийтлэгдсэнээр бол Бобби Кристинагийн найз залуу Ник Гордон хохирогчийг удаа дараа зодож байсныг гэрчүүд мэдээлсэн байна. Түүнчлэн, Бобби Кристинаг ухаан алдсан байдалтай олдохоос цаг гаруйн өмнө хосууд ам муруйсан гэх албан бус мэдээлэл ч байгаа аж.
Түүний гэрт нэгжлэг хийхэд мансууруулах төрлийн бодис олдоогүй байна.
Г.Эрдэм