ШӨХТГ-аас мэдээлэл хийв

Өнөөдөр ШӨХТГ-аас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалтуудын дүгнэлтийг олон нийтэд мэдээллээ. Хэвлэлийн хуралд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан оролцож шинэ ажлаа аваад хийж хэрэгжүүлсэн хяналт шалгалт, арга хэмжээнийхээ талаар мэдээлэв.
10981828_800984249972662_5361441988068655554_n1. Үнэ тогтворжуулах хөтөлбөр
ШӨХТГ-аас 2013 онд Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын хамтарсан А-2/06 тоот тушаалаар батлагдсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран цемент, ган туйван нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй үнэ тогтворжуулах гэрээг байгуулж, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж ажилласан.
Уг дэд хөтөлбөрт оролцсон аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд шалгалт хийхэд “Монос констракшн” ХХК, “Монтул” ХХК, “Бүрд констракшн” ХХК, “Очир ням” ХХК, “Мост интернешнл” ХХК, “Орд гео” ХХК, “Төмөр транс” ХХК, “Таван богд трейд” ХХК, “Кью эс си” ХХК, “Пума” ХХК, “Анимук” ХХК, “Мөнгөн балгиа” ХХК, “Энх дөлгөөн далай” ХХК, “Баялаг говь” ХХК, “БОСБД” ХХК, “БТТ Инженеринг” ХХК зэрэг 16 компани нь гэрээний үүргээ зөрчиж, нийт 44,900,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон юм.
Ган туйван, цементийн үнэ тогтворжуулах гэрээний 6.2-т заасны дагуу дээрх гэрээний үүргээ зөрчсөн 16 компанийн хөтөлбөрийн хүрээнд авсан хөнгөлөлттэй зээлийг банкны зээлийн хүүгээр тооцон төлүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад тавихаар боллоо.

2. Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвчөөрөл олгох үйл ажиллагаанд гаргасан зөрчлийг арилгуулах
Хяналт шалгалтаар АМГ-ын үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрсэн.
Тухайлбал АМГ нь Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй эрхлэгчид өргөдөл гаргах эрхийг олгохдоо VPN төхөөрөмжийг 280,000.00 төгрөгөөр худалдан авсан байх, уг төхөөрөмжийг ашиглан дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийг 500,000.00 /7 хоног/, 2,000,000.00 /1 сар/ төгрөгөөр худалдан авсан байх шаардлагыг тавьдаг байна.
Гэтэл ашигт малтмалын газарт уг төлбөрүүдийг хураан авах эрхийг олгосон хүчин төгөлдөр шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байгаагүй.
Мөн түүнчлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн дагуу олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар журамласан байх бөгөөд уг хуулиар өргөдөл гаргах эрхийг цахимаар тараах, өргөдлийг цахим дугаарын дагуу хүлээн авч шийдвэрлэх зохицуулалтгүй байхад АМГ-ын зүгээс уг үйл ажиллагааг эрх зүйн үндэслэлгүйгээр, зөвхөн даргын тушаал гарган, аж ахуй эрхлэгчдийн хуулиар олгогдсон өргөдөл гаргах эрхийг хязгаарласан буюу хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан байна.
Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох талаар арга хэмжээг авахаар ажиллаж байна.
DSC00599
3. МУИС-д шилжин суралцахад төлбөргүй болгосон
Монгол Улсын их сургуулийн захирал оюутан шилжүүлэн суралцуулах журам батлах болон шилжилтийн төлбөр тогтоох тухай тушаалуудыг гаргаж, 2013-2014 оны хичээлийн жилд 241 оюутнаас хууль бусаар 347,182,000 төгрөг хураан авсан болох нь тогтоогдсон тул улсын байцаагчийн дүгнэлт гарч, зөрчил арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байдаг.
МУИС-ийн зүгээс эсэргүүцэн ШӨХТГ-ын улсын байцаагч хууль бус шийдвэр гаргалаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
МУИС-ийн нэхэмжлэлтэй хэргийг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шилжин суралцах хүсэлт гаргасан нэг оюутанаас 3 сая төгрөг хүртлэх төгрөг авч байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргасан.
Харин ШӨХТГ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлын дагуу уг захиргааны хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзсэн бөгөөд МУИС-ын захирлын тушаалаар баталсан оюутан шилжүүлэн суралцуулах журмын төлбөртэй холбоотой хэсэг, шилжилтийн төлбөр тогтоох захирлын тушаалыг бүхэлд нь хүчингүй болгохыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус хууль тогтоомжид нийцсэн гэж хэвээр үлдээлээ. Харин 241 оюутнаас хууль бусаар авсан 347,182,000 төгрөгийг буцаан олгохыг шаардсан нь ШӨХТГ-ын бүрэн эрхэд хамаарахгүй тул хохирсон оюутнууд өөрсдөө нэхэмжлэх боломжтой гэж дүгнэсэн.
Ийнхүү МУИС-д шилжин суралцахад нэмэлт төлбөр төлөхгүй боллоо.

4. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус, Өрсөлдөөн болон хэрэглэгчдийн сонголтыг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгоно
НИТХ-ын тэргүүлэгчдийн батлан гаргасан журмын заалт нь иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглал хийх аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон.
Учир нь кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй эрхлэгчдээс дээрх журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвхөн 5 компанийг сонгож тэдэнд давуу эрх олгосон нь тухайн салбарт өрсөлдөөнийг хязгаарласан арга хэмжээ болжээ.
Мөн түүнчлэн НИТХ-ын тэргүүлэгчдийн дээрх шийдвэр нь газар өмчлөх эрх авсан иргэний өөрт нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглалыг зөвхөн нэг компаниар хийлгэхийг тулгасан буюу бусад компаниудаас сонгож үйлчлүүлэх эрхийг нь хязгаарласан байна.
Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар арга хэмжээг авахаар ажиллаж байна.
DSC00593
5. “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй гэрээ болон түүний нөхцөл иргэдийг хохироож байна

Мобиком корпораци ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг.
Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомж зөрчсөн.
• Хэрэглэгчтэй байгуулдаг гэрээнд Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн буюу компанийн сүлжээний тасалдал, доголдолын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэсэн давуу эрхүүдийг өөрт олгож гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан.
• Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Тухайлбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг.
Хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгахыг Мобиком корпораци ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож хэрэглэгчдийг хохиролгүй болгохоор ажиллаж байна.

ШӨХТГ-аас ийнхүү хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгаж ард иргэдийг хохироохгүй байх арга хэмжээ авч олон нийтэд мэдээллэж байна гэдгээ ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлсэн юм.

Н.Тилеген

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …