Ундны ус хадгалах болон зөөвөрлөх эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний зориулалтын түүхий эдээр хийсэн 25 литрийн багтаамжтай хуванцар савыг ‘’ЭйСиЭф’’ Олон улсын байгууллагын дэмжлэгээр үндэсний үйлдвэрлэгч ‘’Монвеком’’ ХХК үйлдвэрлэсэн талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр ‘’Монгол Ньюс’’ мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн бага хуралд ‘’ACF Mongolia’’ Ус хангамжийн менежер Н.Жавзансүрэн ‘’ACF Mongolia’’ Төслийн зохицуулагч Пьер Франческо Донати ’’Монвеком’’ ХХК ерөнхий захирал Ц.Мэндсайхан ШУТИС-ийн Механик Технологийн багш Г.Оюунбат нар оролцлоо. ’’ЭйСиЭф Монгол’’ Олон улсын байгууллага нь 2012 онд ШУТИС-ийн эрдэмтэн профессоруудтай хамтран иргэдийн ахуйн хэрэгцээндээ ашиглаж буй ундны усны савны судалгаа хийж, гэр хорооллын нөхцөлд тохиромжтой, эрүүл мэндэд аюулгүй, монгол хүний бие, гар алганы хэмжээнд зохицсон ундны усны савны загварыг боловсруулан гаргажээ. Уг загвараар 20.000 ширхэг усны хуванцар савыг төслийн хүрээнд үйлдвэрлэсэн ба СХД-ийн сургууль болон хороодод хөнгөлөлттэй үнээр борлуулсан байна. Ундны усны савны үнэ нь зах зээлийн өртгөөр 4500 төгрөгийн үнэтэй аж.
Ш.Ганчимэг