ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга С.Е.Нарышкин манай улсад айлчилна

2Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей ЕвгеньевичНарышкин 2015 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинайлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.

Тэрбээр айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцох юм байна. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга

Сергей Евгеньевич Нарышкины намтар

Сергей Евгеньевич Нарышкин 1954 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ленинград /Санкт-Петербург/ хотод төрсөн. 1978 онд Ленинградын Механикийн их сургуулийг инженер-радиомеханикч мэргэжлээр, Санкт-Петербургийн Удирдлагын олон улсын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.

Тэрбээр 1982 оноос Ленинградын Политехникийн их сургуулийн орлогч ректор, Бельги дэх ЗХУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн аппаратад Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны шинжээчээр ажиллаж байсан. 1992 оноос Санкт-Петербург хотын Захиргааны Эдийн засаг, санхүүгийн хорооны хэлтсийн дарга, 1995 оноос Санкт-Петербург хотын “Промстройбанк”-ны гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, 1997 онд Ленинградын мужийн Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газрын дарга, 1998 онд Ленинградын мужийн Засгийн газрын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны даргаар тус тус ажиллаж байв.

2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн удирдах газрын орлогч дарга, 2004 оны 3 дугаар сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын орлогч дарга, 2004 оны 9 дүгээр сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын сайд, 2007 оноос ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, 2008 оны 5 дугаар сараас 2011 оны 12 дугаар сар хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2011 оны 12 дугаар сараас ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргаар сонгогдон ажиллаж байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах хэлтэс

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …