Архи, тамхи бэлэглэхээс татгалзахыг уриаллаа

DSC_5235Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын сурагчдын холбоотой хамтран өнөөдөр /2015.02.13/ Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Монголын сурагчдын холбоотой хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү хэвлэлийн бага хурал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд онцолж, энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд тус холбоотой хамтран Монголын ард түмний билэгдлийн их баяр цагаан сараар бие биедээ архи, тамхи бэлэглэхээс татгалзах уриалгыг нийт ард түмэндээ хандан гаргаж байгааг дуулгалаа.

Мөн тэрээр, “ Цагаан сар бол монголчуудын эрхэмлэн дээдэлдэг, өлзий билэгтэй, баяр жаргалын өнгийг билэгддэг баяр юм. Иймд үндэсний баяраараа Монгол хүний эрүүл мэнд, гэр бүл, амь насанд хортой нөлөө үзүүлдэг архи, тамхийг бие биедээ бэлэглэхээс эрс татгалзаж цагаан мөрийг гаргахыг нийт монголчууддаа уриалж байна. Улсын Их Хурлын чуулганаар 2012 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хууль хэрэгжсэнээс хойш олон мянган хүнийг дам тамхидалтад өртөхөөс хамгаалсаар ирсэн. Иймд энэхүү хорыг үндэсний уламжлалт баяр болох цагаан сараар бэлэг болгон өгөхөөс татгалзаж үндэснийхээ бүтээгдэхүүнийг бэлэглэцгээя” гэсэн юм.

DSC_5200Монголын Сурагчдын Холбооны Тэргүүн О.Сэлэнгэ хэлэхдээ, “ Монголчууд бид бие биеэ хайрлахгүй бол өөр хэн ч биднийг хайрлахгүй. Хүүхдийнхээ дэргэд цагаан сараар бие биедээ архи, тамхи бэлэглэж, хэрэглэж байгаа нь буруу үлгэр дууриалал болж байна. Хүүхдүүд ээж, аавынхаа юу хийж байгааг сайн хардаг. Архидалт баярын үеэр ихэсдэг. Цагаан сарын билэгдийн өдрүүд согтуу баяр болж хувирдаг. Иймд энэ бүхнийг хүүхдүүд хараад ингэж болдог юм байна гэж харах вий гэдэгт санаа зовж байна. Архинаас болж маш олон хүүхэд өнчирч байна, маш олон хүүхэд ядууралд өртөж байна, гудамжинд гарч байна. Иймд архины эсрэг бүгдээрээ тууштай тэмцэх хэрэгтэй” гэдгийг уриаллаа.

Түүнчлэн мэдээллийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өнгөрсөн 7 хоногт түүнийг туулай агнасан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрсанд тайлбар хийсэн юм.

DSC_5198Тэрээр тайлбартаа, “Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллахад амралтын өдөр таарсан тул казак малчин айлд зочилсон. Аймгийнхан ирсэн зочдоо казак уламжлалаараа дайлж, цайлах ёс заншлаа танилцуулан малчин айлд урьж, мөн бүргэдээ анд сургах ёс заншлаа танилцуулж хүндэтгэн хүлээн авдаг ёстой. Энэ л ёсоор туулайны чихмэл ашиглан бүргэдийг анд сургаж байгаагаа үзүүлсэн. Миний бүргэд, туулайн чихмэл барьж авахуулсан зургийг аймгийн ажилтан нийтийн сүлжээнд тавьсныг татаж аваад Л.Эрдэнэчимэг гишүүн туулай агнав хэмээн гуйвуулснаар олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Санаатайгаар гишүүний нэр хүндийг унагаах ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Казак ард түмний ёс заншилтай танилцаж, дэлхийд ганц бүргэдийн ан хийх уламжлалыг үзэхээр гадаад, дотоодын олон зуун жуулчид Баян-Өлгий аймгийг зорьдог болсон. Энэ нь аймгийн хөгжлийг нэмэгдүүлж, аялал жуулчлал хөгжиж байгааг дэмжиж байгаагийн зэрэгцээ дотоодын аялал жуулчлалаар аялахыг уриалж байна “ гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …