Нийслэлийн ЗДТГ-аас Билгийн тооллын XVII жарны хөхөгчин хонь жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчлан ажиллаж тэтгэвэртээ гарсан 120 гаруй ахмад настанд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч нар, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд болон хотын захиргаанд ажиллаж байсан ахмад настнууд оролцлоо.
НИТХ-ын дарга Д.Баттулга ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Бид жил бүр нийслэлийнхээ төр захиргааны байгууллагын ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнгөрөн одож буй модон морин жилд Улаанбаатар хот маань өнгөө засч, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж эхэлсэн. Та бүхний маань үнэт зөвлөгөө бидний ажилд ихээхэн дэмжлэг болдог юм шүү” гэлээ.
Мөн уг үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Бид бүхэн Цагаан сарын шинийн нэгний өглөө нийслэлийг удирдаж явсан ахмад үеийн удирдлагууддаа золгож, өнгөрсөн жил хийж бүтээсэн ажлаа танилцуулж, цаашид хийх ажлын талаар хэлэлцдэг уламжлалтай. Бид 2014 онд Улаанбаатар хотын 3 зүгийн баруун хэсгийн замын холболтын ажлыг хийж дуусгалаа. Ирэх жил зүүн хойд талын замуудыг шинэчилж Налайх чиглэлийн замыг хурдны зам болгох ажлыг эхлүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд жилийн 5 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Мөн 4 сараас нийтийн тээвэрт шинэчлэл хийж, нийслэлийн иргэдэд 52 байршилд өмчлүүлж байгаа эхний ээлжийн газруудын зам, дэд бүтцийн ажлыг эхлүүлж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг томоохон ажлуудыг үргэлжлүүлэн хийж, нийслэлээ улам сайхан болгохын төлөө хичээж ажиллах болно. Та бүхэн маань бидэнд сайхан хотыг бүтээн байгуулж өгсөнд нийслэлийнхээ төр захиргааны удирдлага, иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …