Ирэх дөрвөн жилийн жил бүхэн ирээдүйн Монголын 10 жилтэй тэнцэх болно

_MG_0422Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж яармагийн морин тойруулгын задгай дэнж дээр Хан-Уул дүүргийн иргэд сонгогчидтой өнөөдөр уулзав. Уулзалтад тус дүүргээс нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон Гадаад харилцааны сайд Л.Болд, Аялал жуулчлал, соёл, спортын сайд Ц.Оюунгэрэл нар оролцож дэмжин үг хэллээ.

Л. Болд хэлэхдээ “Хан-Уулчууд 2008, 2009, 2012 онд ардчиллын төлөө саналаа өгсөн билээ. Одоо ч ардчиллыг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Дөрвөн жилийн жилийн өмнө бид ямар байснаа эргэж нэг бодоцгоох хэрэгтэй. Дөнгөж сая НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргатай Ерөнхийлөгч маань уулзаад ирлээ. Тэрээр 20 гаруйхан жилийн өмнө коммунист дэглэмтэй байсан орон дэлхийн ардчиллыг тэргүүлж, манлайлж, бас олон улсын томоохон хурлыг эх орондоо зохион байгуулж, НҮБ-д өргөн хүрээтэй асуудлуудаар санаачилга гарган тогтоол батлуулж хамгийн идэвхтэй, хамгийн түүчээлэгч улс болсныг онцлон хэлж байна. Ийм сайхан мэдээг хэвлэл, мэдээллийнхнээс түрүүлж Хан-Уулчууддаа дуулгаж байгаадаа баяртай байна” гэв.
-2009 онд сонгогдсон өдрөөс нь Ерөнхийлөгчөө дэмжиж ирсэнд та бүхэндээ баярлалаа. Хан-Уул дүүрэг Ерөнхийлөгчийнхөө санаачилга, шийдвэрийг дэмжиж хамгийн түрүүнд “Иргэний танхим” байгуулсан юм. Одоо Хан-Уулчууд тулгамдсан болон төсөв мөнгөний асуудлаа “Иргэнийхээ танхим”-д хэлэлцэн шийдэж байна. Энэ бол Төсвийн тухай хуулийг шинэчлэхэд Ерөнхийлөгчийн оруулсан өөрчлөлтийн үр шимийг эдэлж байна гэсэн үг юм. Хан-Уулчууд УИХ-д дэмжин сонгосныхоо дараа хоёр зүйл даалгасан. Түүний нэг нь газар хувьчилж өгөх хүсэлт. Энэ асуудлаар хууль санаачлан өргөн барьсан байгаа. Нөгөө нь цэцэрлэг, сургуулийн асуудал. Тус дүүрэгт цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байгаа. Үүнийг шийдэх саналыг дахин нэр дэвшсэн Ерөнхийлөгч маань мөрийн хөтөлбөртөө оруулаад байна. Иймээс ойрын 2-3 жилд энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байна. Ардчилсан нам гар нийлэн эрх барьсан сүүлийн ганц жилд хэчнээн ажил өрнүүлж байгааг та бүхэн харж байгаа. Үүнийг зогсоолгүй үргэлжлүүлмээр байна. Сонголт 4 жилд нэг олддогийг бодоорой. Монгол Улсаа дэлхийн дэвжээнд дархан аварга болгосон Ерөнхийлөгчөө дэмжихгүй бол өөр хэнийг дэмжих юм бэ. Манай улс байгаль орчныг хамгаалах чиглэлээр тэргүүлэгч, авлигын эсрэг тэмцлээр манлайлагч улс боллоо хэмээн Аялал жуулчлал, соёл, спортын сайд Ц.Оюунгэрэл хэллээ.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Хан-Уулчуудтайгаа уулзах боломж гарсанд баяртай байгаагаа илэрхийлээд “Та нар бол наадмаар зүйрлэвэл ардчиллын аваргууд юм. Яагаад гэвэл сүүлийн гурван сонгуулиар ардчиллынхныг дэмжжээ. Одоо аваргаа бүр баталгаажуулаарай” гэв.
-Бидэнд шийдэх асуудал олон, хийх цаг бага байна. Өнөөдөр бид хамгийн үнэтэй бензин хэрэглэж байна. Үүний үнийг бууруулчихвал та бидний амьдрал өөр болно. Бензин шатахуун бүх юмны үнийг өсгөдөг бүтээгдэхүүн шүү дээ. Одоо харин энэ асуудлыг шийдэх цаг ойртож байна. Эхний үйлдвэрийн шавыг тавьж, УИХ техник, тоног төхөөрөмжийг нь гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Өвгөн төмөр зам маань арай ядан 19 сая тонн ачаа зөөж байна. Өргөтгөөд хос болгочихвол үүнээс хэд дахин их ачаа зөөх боломж бий болно. Урд хөрш маань дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч шүү дээ. Бараагаа Европ руу далайгаар хүргэхэд 2 сар зарцуулж байна. Монголоор дайруулаад зөөвөл хоёрхон долоо хоног зарцуулна. Үүнээс бид ч бас хожих болно. Цахилгааныхаа асуудлыг шийдчихмээр байна. 5 дугаар цахилгаан станцыг барина гээд 12 жил боллоо. Одоо л нэг эхлэх гэж байх шиг байна. Дээр нь Таван толгой, Адуунчулуу, Хөшөөт, Шивээ-Овоод цахилгаан станц барина.
Эдгээрийг шийдэж чадахгүй өдий хүрсний нэг шалтгаан нь мөнгөгүйтэй холбоотой. Тэгвэл Монгол Улсын нэр хүнд өсч, мөнгөний асуудалгүй боллоо. Ийм боломж сүүлийн 24 жилд анх удаа бий болж байна. Үүнд ардчиллыг дэмжигч Хан-Уулчуудын хувь нэмэр их бий. Өөр нэг шалтгаан нь үл ойлголцол. Гэтэл удирдлагыг тэнцвэржүүлнэ, нэг намд бүгдийг өгч болохгүй гээд цаана чинь яриад байна. Юун тэнцвэржүүлэх, харин ч зууралдуулдаг биз дээ. Зогсонги байдалд орж асуудал шийдэх ажил хэдэн жилээр цаг алддаг. Тиймээс л би “Амьдралаа, гэр бүлээ, улс орноо бодож сонголт хийгээрэй” гэж уулзсан газар болгондоо ярьж явна. Мэдээж өөр хүн сонгох эрх хүмүүст бий л дээ. Гэхдээ л та өөрийгөө, амьдралаа, улсаа бодох дээр биз ээ. Ирэх дөрвөн жилийн жил бүхэн ирээдүйн Монголын 10 жилтэй тэнцэх болно. Тиймээс ирэх дөрвөн жилийг алдахгүй л бол Монгол Улсын эдийн засаг босоод ирнэ.
Миний мөрөөдөл бол нэг сая хүн нь үлдсэн хоёр сая хүнээ эрх мэдлийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч аваад явчихдаг болоосой гэж боддог. Энэ мөрөөдлийг биелүүлэхэд ирэх дөрвөн жилийн гар нийлсэн ажиллагаа ямар чухал вэ гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.
Би Монгол Улсаа зүүнээс нь нар зөв тойрон явж, нийт 130 гаруй уулзалт хийгээд байна. Газар бүр бүтээн байгуулалт өрнөж байна. 11 аймгийн дулааны шугам сүлжээг сольж байна. Зөвхөн Улаанбаатарт гэхэд 17 хороолол, Дарханд 4 хороолол барих гэж байна. Баянхонгор аймаг зарим сум, багаа шинээр барьж эхэлжээ. Иргэддээ эрх, мөнгө өгөхөөр ийм болдог юм байна. Би 2009 онд өөрийн суудаг өрөөг иргэддээ өгч ажлаа эхэлж байсан. Энэ бол “Иргэний танхим”. Одоо иргэд шийдвэр гаргаж, дарга нар түүнийг нь хэрэгжүүлдэг болж байна.
Эхлүүлээд орхиход цааш явчихдаг ажил гэж байна. Тэгвэл авлигатай хийх тэмцлийг ингэж орхивол мөөгөнцөр шиг бурзайгаад дахиад гараад ирдэг. Тиймээс байнга л хусч байх хэрэгтэй. Зарим нь алагчилж тэмцэж байна гэх юм. Өмнө нь ардын намынхан гарын үсэг зурдаг эрх мэдлийн 90 хувийг атгаж байсан. Тиймээс нэр нь илүү олон дуудагдаад байгаа байх. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын дарга ч статистик тоо баримт дурдан ярьж л байна лээ. Авлигачид хийх бүтээх гэсэн хүмүүсийн олох ашгийг авчихдаг байсан юм. Тиймээс компаниуд юм хийхээс дургүй нь хүрч байсан байх. Одоо бол өөр байна. Тэр ч байтугай гадаадынхан “Монголчууд чинь ямар хурдан хийдэг болчихоо вэ” гээд гайхаж байна гэнэ лээ. Монголчууд нь “Мөнгөө өгөөд байвал хийнэ шүү дээ” гэж байна гэсэн. Ер нь сэтгэл байвал шийдэж болдог шүү дээ гэж нэр дэвшигч ярилаа. Мөн өнгөрсөн дөрвөн жилд хийснээ, ирэх дөрвөн жилд хийхээр мөрийн хөтөлбөртөө тусган зүйлээ дэлгэрэнгүй тайлбарлан ярив. Эцэст нь “Ядарсан үедээ Ерөнхийлөгчдөө хандаарай. Би ядарсан хүмүүстээ тусалдаг Ерөнхийлөгч байх болно” гэж тэр хэлэв.
Н.Мөнх-Ялалт
_MG_0036 _MG_0048 _MG_0338 _MG_0372 _MG_0547(1) _MG_0580 _MG_0617 _MG_0652(1) _MG_0698 _MG_0735
_MG_1465
Ugluu.mn

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …