Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагналаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, тус байнгын хорооноос 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Эдийн засгийн байнгын хорооноос 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулсан ажлын дийлэнх нь төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, эдийн засгийг эрчимжүүлэх, чөлөөт бүсийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалган танилцаж, үүрэг чиглэл өгөх зэрэгт чиглэгдлээ хэмээн онцолсон юм.

DSC_7483

2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 23 удаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хяналтын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгүүд 83 удаа тус тус хуралджээ.

Байнгын хороо 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор 58 асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 49 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 10 ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд 20 хууль, 17 тогтоолын төслийг эцэслэн батлуулж, эдийн засаг, зээлтэй холбоотой олон улсын 5 гэрээ, хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн хэмээн Байнгын хорооны дарга Ж.Батсуурь мэдээлсэн.

Ээлжит чуулганы хугацаанд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн 18 хууль, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай зэрэг УИХ-ын тогтоолуудыг хэлэлцэн баталсныг байнгын хорооны дарга сэтгүүлчдэд танилцуулав.

DSC_7481

Тэрбээр, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батлан гаргасан нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх хэмжээний хөрөнгө босгох, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн чухал шийдвэр боллоо хэмээн онцолсон. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэн, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, олон тооны мега төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил эрчимжин, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн арга хэмжээ ажил хэрэг болно хэмээгээд тогтоолын хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавин ажиллах болно хэмээлээ.

2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгах, “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах, Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийг Төсвийн байнгын хороотой хамтран шалгах 3 ажлын хэсэг байгуулан ажиллажээ.

Дээр дурьдсан “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд болон УИХ-аас 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар Засгийн газар, холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн Байнгын хорооны тогтоол гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …