Дэлхийн хүний эрхийн төлөв байдал тайлан танилцуулга хэвлэлийн бага хурал өнөөдөр үндэсний төв номын санд боллоо. Эмнести интернэшнл дэлхийн 160 орны 2014 оны хүний эрхийн төлөв байдлыг тусгасан 2015 оны хүний эрхийн хандлагыг тодорхойлсон тайлан гаргасан байна. ’’ 2014 он олон сая хүний хувьд хүчирхийлэлд нэрвэгдсэн аймшигтай жил байлаа. Төрийн болоод зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдсэн зөрчил, мөргөлдөөний эсрэг авч буй даян дэлхийн арга хэмжээ ичгүүртэй хийгээд үр дүнгүй байна. Иргэд харгис халдлага, дарамт шахалт, хямралд нэрвэгдээд байхад олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулахгүй байна” хэмээн Эмнести Интернэшнлийн ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти өгүүлэв. Энэхүү тайланд 2014 онд хичнээн засгийн газар аюулгүй байдлын төлөө нэрийн дор дарангуйлалын болон хахир арга хэрэглэсэнийг тусгасан. Дэлхийн удирдагчид яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх жил ч мөн хүний эрхийн төлөв байдал тун баргар байхаар байна гэж мэдэгдлээ.
Ш.Ганчимэг