Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилга, иргэдийн саналаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан 21, 4, 7, 28 дугаар хороонд шинээр баригдсан 150-200 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга 2014 оны Монгол Улсын “Шилдэг барилга”-аар шалгарсан байна.
Уг арга хэмжээг Хот төлөвлөлтийн хүрээлэнгээс зохион байгуулжээ. Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулагч баг хамт олон, хөрөнгө оруулагч зураг төслийн архитектор, инженерүүд, гүйцэтгэгч байгууллагуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, олон нийтэд хүргэдэгээрээ давуу талтай болохыг зохион байгуулагчид онцолсон. Баянзүрх дүүргийн хувьд 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 21, 4, 7, 28 дугаар хороонд тус бүр 150-200 хүүхдийн ортой дөрвөн цэцэрлэг барих ажлыг эхлүүлэн ашиглалтад оруулсан билээ. Тус цэцэрлэгүүдийн барилгыг монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эзо хаус” ХХК-ний чадварлаг залуус чанарын өндөр төвшинд барьснаас гадна нийслэлийн есөн дүүргээс анх удаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар төрийн өмчит цэцэрлэгүүдийг хороодод барьж, ашиглалтад оруулсан давуу талтай.