Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс Хүүхэд хөгжлийн төвтэй хамтран дүүргийнхээ алслагдсан 21-р хороонд байрлах 196-р цэцэрлэгт ном, хүүхдийн тоглоом, зургийн хэрэгсэл хандивлажээ. Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс сар бүр бүтээлч аяныг хамт олноороо зохион байгуулдаг байна. Хоёрдугаар сарыг номын сар болгон зарласантай холбогуулан Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар баригдсан 196-р цэцэрлэгийг сонгон “Ухаан далай номоос эхтэй” аяныг хийж ийнхүү ном хандивлажээ. Аяны зорилго нь хүүхдийн ном унших чадварыг дээшлүүлэх, номтой нөхөрлүүлэх, сайн үйлсэд суралцуулах, эх оронч бүтээлч, өрсөлдөх чадвартай монгол хүнийг төлөвшүүлэхэд оршиж байгаа аж. Тус цэцэрлэгт 21-р хорооны малчин өрхүүдийн 100 орчим багачууд сурч хүмүүждэг байна.
Г.Эрдэм