Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлээс олгоно

download (1)Нийслэлийн харьяа төрийн албанд ажиллагсад болон бага орлоготой иргэдийг орон сууц худалдаж авахад нь урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх тухай журмын төслийг нийслэлийн ЗДТГ-аас боловсруулжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцыг борлуулах, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэх хүрээнд уг журмыг боловсруулсан байна.

Төрийн өмчийн 119 сургууль, 180 цэцэрлэгийн 11.862 багш, ажилчдын дунд судалгаа явуулахад 96 хувь нь орон сууц худалдан авах шаардлагатай, 79 хувь нь дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцанд орох хүсэлтэй гэсэн ч дөрвөн хувь нь л урьдчилгаа төлбөрөө төлөх чадвартай гэжээ. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд хувийн хэвшлийн компаниуд өдгөө 20 гаруй байршилд төсөл хэрэгжүүлж буй.

Эдгээр компани орон сууцны борлуулалтад тодорхой дэмжлэг үзүүлэх хүсэлтийг нийслэлийн ЗДТГ-т тавьж буй аж. Журмын төсөлд нийслэлийн харьяа төрийн байгууллагад ажиллаж буй, орон сууц авахад урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Дэмжлэг авах албан хаагч нь тус байгууллагадаа гурваас доошгүй жил ажилласан, худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлөх чадвартай байх ёстой аж.

Уг журмыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд энэ сард нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх аж. Хэрэв баталбал шаардлага хангасан иргэд нийслэлээс дэмжлэг авч, зээлд хамрагдан ирэх сараас ашиглалтад орох гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн орон сууцнуудаас худалдан авах боломж бүрдэх юм байна.

Н.МЯГМАР

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …