Элэгний C вирусыг хавсран эмчилдэг “Sofosbuvir” эмийг Монголд хөнгөлөлттэй үнээр оруулж ирнэ гэж яригдаж байсан ч нам жим болсон. Харин Эрүүл мэнд, спортын яамнаас үүнээс өөр, дангаар нь хэрэглэдэг, 98 хувийн үр дүнтэй ”Harvoni” эмийг Монголд оруулж ирэхээр болжээ. Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа.
-Манай улсад оруулж ирж байгаа ”Harvoni” эм ямар үйлчилгээтэй эм бэ?
-Монгол улсын эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдсан асуудал бол элэгний вирус гепатит байгаа. Элэгний вирус, гепатитийг хүн амын тоотой харьцуулахад 15 хувийг эзэлж байгаа юм. Ийм түвшинд хүрсэн байна гэдэг бол олон улсын хэмжээнд авч үзэхэд Монгол улс тэргүүн байрыг эзлэх хэмжээнд байгаа юм. Үүнд A ,B, C зэрэг вирусүүдийн асуудлууд байгаа. Энэ дотроос В, С вирусын асуудал байгаа. Энэ нь цаашлаад элэгний хавдар болон , хавдраар нас баралтын түвшинд тэргүүлэх байранд ороод байна. Тиймээс бид ард иргэдийн элэгний вирустэй холбоотой асуудлуудад шийдвэртэй арга хэмжээ авч , хийж байгаа ажлын нэг нь В, С вирусын эсрэг үйлчилгээтэй, дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмүүдийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн оруулж ирж эмчилгээнд нэвтрүүлэх гэж байгаа явдал юм. Эм эмийн бэлдмэл үйлдвэрлэдэг тэргүүлэх чиглэлийн АНУ-ын Гилеад Сайнсес компани байдаг. Бид өнгөрсөн оны сүүлээр энэ асуудлыг Засгийн газарт тодорхой танилцуулаад эмийн журамд өөрчлөлт оруулсан байгаа. Өөрчлөлт оруулсан журмын дагуу дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орнуудын эмийн нарийн шаардлагыг хангасан стандартын эмнүүдийг Монгол Улсад оруулж ирэх боломж бүрдсэн.
-Энэ эмийг хэзээ бүртгэж авах вэ?
-Эрүүл мэнд, спортын сайдын үүднээс АНУ-д ажлын айлчлал хийж дээрх асуудлаар компаниудтай уулзаж тохиролцсон. Үүний үр дүнд хамгийн сүүлд гарсан “Harvoni” нэртэй эмийг Монголд дөрвөн сард бүртгэж авахаар болсон. Бүртгэж авсны дараа эмийг Монгол Улсад нийлүүлнэ. Эмийг дистербьютер компаниар дамжуулж оруулж ирнэ. Оруулж ирээд улсын томоохон эмнэлэгүүдээр нарийн мэргэжлийн эмч нарын хяналтан дор шаардлагатай эмчилгээ үйлчилгээнд ашиглах юм.
-Өмнө нь АНУ-аас үүнтэй адил эмийг оруулж ирэх тухай яригдаж байсан. Үүнээс юугаараа ялгаатай вэ?
– Өмнө нь гарч ирсэн эмийг дангаар нь биш дагалдах эм тариатай хавсарч хэрэглэж байж илүү үр дүнд хүрдэг байсан. Харин энэ эмийн онцлог бол дангаар хэрэглэх бөгөөд гурван сар хүртэл хугацаанд курс эмчилгээ болдог. Курс эмчилгээний үр дүн нь 98 хувьтай.
-Ямар үнэтэй зарагдах вэ?
-Тохиролцсоны дагуу онцгой хямд үнээр Монгол Улсад нийлүүлэх бололцоотой болсон. Уг эм бусад улс орны зах зээлдээр үнэлэгдэж байгаа үнэнээсээ даруу 99 хувийн хөнгөлөлттэйгөөр орж ирж байгаа. ”Harvoni” эм олон улсад 94 мянган ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Энэ эмийг элэгний С вирусын эсрэг хэрэглэснээр мөн “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Манай улс элэгний гепатиттай холбоотой асуудлыг шийдэж чадна гэсэн судалгаа гарсан. Цаашлаад Монгол Улс элэгний өвчлөлийг шийдэж чадсан “олон улсын загвар орон” болох зорилтыг тавьж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
-Эм дөрвөн сард бүртгэгдээд эцсийн байдлаар хэрэглэгчдийн гарт хэдээр хүрэх боломжтой вэ?
-Дөрвөн сарын эхээр дээрхи компани “Harvoni” эмийг бүртгүүлэх хүсэлтээ тавина. Бид дөрвөн сард багтааж энэ асуудлыг шийдэх төлөвлөгөөтэй байгаа. Аль болох богино хугацаанд буюу хоёроос гурван сарын хугацаанд багтааж Монгол Улсад дээрхи эмийг оруулж, шаардлагатай хүмүүсийн эмчилгээнд хэрэглэх зорилтыг тавьсан байгаа.
-Эмтэй холбоотойгоор ард иргэдийн дунд эргэлзээтэй зүйлүүд байдаг. Тухайлбал эм хямдраад орж ирж байгаа нь хуурамч, эсвэл туршилтын журмаар оруулж ирэх гэж байна гэсэн айдас байна?
-Ийм мэдээлэл нь ор үндэсгүй. Энэ эмийг одоо АНУ болон Европын өндөр хөгжилтэй улс орнууд вирусын асуудалтай хүмүүсийн эмчилгээнд хэрэглэж байгаа. Энэ эмд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Хуурамч эсэх тухай ойлголт байхгүй. Тэр тусмаа энэ эмийг ойрын жилүүдэд лицензийг нь авч үйлдвэрлэх улс орон байхгүй. 99 хувийн хөнгөлөлтийг тухайн компани үзүүлж байгаа юм. Зөвхөн Монгол улс биш мөн Португали улсад дээрхи эмийг 40 орчим хувийн хөнгөлөлттэйгөөр нийлүүлсэн. Манайд энэ хөнгөлөлтийг үзүүлж байгаа нь тухайн компани нийгмийн хариуцлагаа Монгол Улсаар дамжуулж үзүүлж байгааг ойлгох хэрэгтэй. Сүүлийн үеийн эм бэлдмэлүүдийн эмчилгээний үр дүн маш богино хугацаанд гардаг болсон. Шинжлэх ухааны ололт дээр тулгуурласан эм нь өөрөө маш өндөр үнэтэй байдаг.
Эх сурвалж /Zindaa.mn Д.Солонго/