Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганд оролцож буй Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
Дэд сайд Н.Оюундарь хэлсэн үгэндээ 1995 оны Бээжингийн Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий Ассамблейн 23 дугаар Тусгай Чуулганы төгсгөлийн баримт бичгийг хэрэгжүүлсэн 20 жилд жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах талбарт Монгол Улс ихээхэн амжилт олсныг тэмдэглэсний дотор хууль эрх зүйн орчныг сайжруулах, Засгийн газрын бодлого, баримт бичгүүдэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг анхаарч ирсэнийг тэмдэглэв. Мөн хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилтийг хангах болон жендэрийн мэдрэмжтэй төсөв, жендэрийн статистикийг боловсруулж хэрэглээ болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан байна.
Тэрээр цаашид хууль эрх зүйн орчны шинэчлэлийг үргэлжлүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих, эмзэг бүлгийн болон хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, жендэр ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудалд зарцуулах төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэгт онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг мөн тэмдэглэсэн байна.