Монголд анх удаа мэргэжлийн сэтгэл судлаачдын нэгдсэн “Таны хүүхэд маргаашийн өдөрт бэлэн үү” сэдэвт лекц 2015 оны 3-дугаар сарын 21-нд 15 цагаас Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдахаар боллоо. Манай улсын нийт хүн амын 75 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Иймээс залуу гэр бүлүүдэд энхрий үрсээ хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар мэдлэг олгох зорилготой энэхүү лекцийг зохиохоор болжээ. Лекцийг энгийн үг хэллэгээр гадаад дотоодын сонирхолтой жишээ баримтан дээр тулгуурлан зөвлөгөө өгч, харилцааны сонирхолтой аргачлалуудыг эцэг эхчүүдэд зааж сургах гэх мэт хамгийн энгийн хэлбэрээр явуулах юм. Хүүхдэдээ хамгийн дотны хүн байхыг хүссэн хэн бүхэнд үүд хаалга нээлттэй ба өөрт хэрэгтэй, хэнээс ч асууж сураад олдохгүй үнэт зөвлөгөөнүүдийг энэдээс авах боломжтой юм. Энэ удаагийн лекцэнд мэргэжлийн, туршлагатай сэтгэл зүйчид оролцох юм. Үүнд: Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг “хүүхдийг 20 нас хүртэл нь хориглосоор байх уу” сэдвээр Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэлзүйч Ц.Дэлгэрмэнд “Эцэг эх байх хамгийн чухал мэргэжил” сэдвээр Гэр бүл сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар “Аз жаргалтай гэр бүлийн төлөө” сэдвээр лекц уншина.
Л.Цэрэндолгор