БОНХАЖЯ, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран зохион байгуулдаг уламжлалт “International Travel Mart”-2015 аялал жуулчлалын үзэсгэлэн 3-р сарын 21,22-ны өдрүүдэд Мишээл Экспо Төвийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Тус үзэсгэлэнгийн талаар МАЖХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Х. Ариунчимэг, МАЖХ-ны гүйцэтгэх захирал Д. Батнасан, БОНХАЖ сайдын аялал жуулчлалын зөвлөх Б. Галбадрах нар өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэхүү үзэсгэлэн 1999 оноос зохион байгуулагдаж эхэлжээ. Уг үзэсгэлэн нь Монголд зохиогддог аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдгөөрөө онцлог, давуу талтай байна. Энэ жилийн үзэсгэлэнд 14 аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар, 130 орчим аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцоно.
Жил бүрийн үзэсгэлэнгийн нээлтэнд Монголд сууж буй Элчин сайдын яамд, ОУ-ын байгууллагуудын төлөөлөгчдийг урьж, үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй танилцах боломж олгодог. Энэ жилийн үзэсгэлэнгийн түнш аймгаар Архангай аймаг ажиллаж байна.
Ш.Ганчимэг