Сонгуулийн Менежментийн Төв нь 2008 онд байгуулагдсан, улс төрийн сонгуулийн маркетинг, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Улс төрчдөд ээлтэй, тэдний хийж бүтээснийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр даацтай ажлуудыг хийж гүйцэтгэсэн тус төв нь энэ удаад “Шилдэг эмэгтэй 50 улс төрч”, “Шилдэг залуу 50 улс төрч” шалгаруулалтыг орон даяар зохион байгуулж байна. Төслийн талаар Сонгуулийн Менежментийн Төвийн тэргүүн Р.Наранбаяртай ярилцлаа.
-Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулж буй “Шилдэг эмэгтэй 50 улс төрч”, “Шилдэг залуу 50 улс төрч”-ийг нэрлэх энэ удаагийн шалгаруулалтын гол онцлог, үүнээс гарах үр дүн нь юу вэ?
-Энэхүү хоёр шалгаруулалт 2008 оноос хойш тус бүр дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд улс төрийн нэлээд эгзэгтэй, ширүүн өрсөлдөөнтэй үед тохиож байгаа. Шинэ залуу улс төрчид олноороо тодрон гарч ирсэн, шинэ эмэгтэй манлайлагчид нийгэмд түрж буй содон цаг үе. Энэхүү төслийн гол зорилго нь шинэ тутам гарч ирж байгаа залуу улс төрчид, нийгэм улс төрийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа эмэгтэй улс төрчдийг илүү өндөр түвшинд таниулах, тэдний улс төрийн байр суурийг баталгаажуулах маш тодорхой чиглэлтэй явагдаж ирсэн. Олон нийтэд улс төрч гэдэг нэр томъёоллын дор ийм эмэгтэйчүүд, ийм залуучууд хамаарагддаг юм шүү гэсэн мессежийг нэгдсэн байдлаар хүргэдэг. Тэндээс өөрийнх нь сонгуульд бэлтгэж байгаа тойргийн сонгогчид нь, өөрийнх нь намын хамт олон, хамтарч ажиллах улс төрчид нь мэдээлэл аваад нээрээ манай энэ чинь улс төрд гайгүй яваад байгаа залуу шүү гэдэг ч юмуу, энэ эмэгтэйг улс төрд оруулбал илүү их зүйлийг эх орон, иргэдийнхээ төлөө хийж чадна шүү гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байдаг. Хэн нэгнийг онцлох биш, шинэ үеийг онцолж байгаагаараа энэ арга хэмжээний хамгийн гол онцлог оршдог. Зөв ч бай буруу ч бай хэдхэн улс төрчдийг тойрч эргэлдэж байгаа хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлыг арай өөр зүгт хандуулдаг. Үүгээрээ ч гурван удаа амжилттай зохион байгуулагдаж, энэ шалгаруулалтанд хамрагдсан хүмүүсийн наяас илүү хувь нь улс төрийн салбарт амжилт үзүүлж байсан нь цаг үеэ олсон, улс төрийн салбарт зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэдэг нь ойлгогдож байгаа юм.
-Санал асуулгын хэлбэр нь яаж явагдаж байна. Иргэд улс төрчдөдөө яаж саналаа өгөх вэ?
-Шилдэг эмэгтэй улс төрчдийг нэрлэх төслийн багтай Emegteichuud.mn сайт, Elegance сэтгүүл хамтран ажиллаж байгаа. Эмэгтэйчүүдийн санал асуулга нь Emegteichuud.mn сайт дээр явагдана. Төслийн үр дүнг нэгтгэсэн дэлгэрэнгүй мэдээллийг Elegance сэтгүүл дээр нийтэлнэ. Харин Шилдэг залуу улс төрчдийн санал асуулга ugluu.mn, dorgio.mn, ontsloh.mn сайтаар явагдана. Мэдээж гол томоохон сайт, сонин, телевиз, сошл медиагаар төсөлд шалгарсан улс төрчдийн талаарх нэгдсэн мэдээлэл, сурталчилгаа өргөн далайцтай явагдана.
-Төслийн дүн хэзээ гарах вэ?
-Шилдэг эмэгтэй улс төрчид 2015 оны 3 дугаар сар 20-ны 22 цагт тодорч, 21-ны Бямба гарагт өргөмжлөлөө гардуулна. Шилдэг залуу улс төрчид 2015 оны 3 дугаар сар 27-ны 22 цагт тодорч, 28-ны Бямба гарагт өргөмжлөлөө гардуулна.
-Эмэгтэйчүүдийн улс төрд гаргасан ололт амжилтыг олон нийт тэр болгон анзаараад байдаггүй байх. Энэ талаар ямар ажил хийгдэж байна?
-Эмэгтэйчүүдийнхээ нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг оролцоо, бодитой хийсэн ажлыг нь энэхүү төслийн хүрээнд бид нэг бүрчлэн мэдээлнэ. Хувь хүний гол онцлог мэдээллүүдийг ч олон нийтэд түгээнэ. Тухайлбал, Элеганс сэтгүүлд эмэгтэйчүүдийн хийсэн бүтээснийг төдийгүй, хувийн зан төлөв, ажил амьдралынх нь онцлог, үзэл бодлыг нь шингээсэн цогц мэдээлэл нийтэлж, олон нийтийн үйлчилгээний төвүүд, номын сангууд, агаарын болон төмөр замын тээврийн хэрэгслэлүүдэд байршуулна. Мөн хүн бүрийн мэдээллийг сошл орчинд цацна.