Ж.Гантөмөр: Байцаагчийн ажлыг зөрчил илрүүлж, торгууль тавьснаар үнэлэхээ больсон

dedbfb0debb530910bea493c78d58224МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга Ж.ГАНТӨМӨРТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдэд дарамтгүй, ил тод хяналтын механизмыг бүрдүүллээ гэсэн. Энэ дээр “Хяналтын хуудас” гэж ойлголт ороод ирлээ. Хяналтын хуудас гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Хяналтын хуудсанд бизнесийн дагаж мөрдөх ёстой норм, норматив, хууль дүрмийн хэрэгжилтийн төвшинг тогтоосон байдаг. Та зоогийн газар ажиллуулахаар бол ямар норм, стандартыг хангасан байх ёстой вэ гэдгийг нарийн заасан хууль ёсны баримт бичиг юм. Нэг талаасаа байгууллагын үйл ажиллагаандаа мөрдүүлэх стандарт. Нөгөө талаасаа мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалтын хүрээг стандартчилан тогтоож өгсөн  хамгийн гол хэрэглүүр юм. “Check list  буюу хяналтын хуудсыг мөрдөх нь манай улсад хожуу хийгдэж байгаа ч үр дүнтэй өгөөжтэй гэдэг нь батлагдсан, нөгөөтэйгүүр олон улсын хяналт шалгалтын байгууллагын “сайн туршлагын сан”-д орчихсон ийм зүйл шүү дээ. 2009 онд Дэлхийн банк болон олон улсын байгууллагуудаас хийсэн нэг судалгаа байдаг юм. Тэр судалгаанд Монголын Мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг ашиглахгүй байна. Хяналт шалгалт хийж буй үйл ажиллагаандаа ил тод байх зарчим, ялангуяа олон улсын хяналт шалгалтын байгууллагуудын үйл ажиллагаанд сайн туршлага болсон хяналтын хуудсыг ашиглахгүй байна гэсэн шүүмжлэлүүд гарч байсан. Тэр үед байцаагч нар хянаж, шалгах объектоо өөрсдөө сонгодог, хянаж шалгах асуултуудаа өөрсдөө удирдамждаа оруулж өгдөг, ямар байгууллагыг яаж шалгахаа өөрсдийн үзэмжээрээ шийддэг байсан. Эдгээр сул талуудад дүн шинжилгээ хийгээд, хууль эрх зүйн орчинд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаад, үүнээс гарах гарцын шинж чанартай томоохон алхам нь “хяналтын хуудас” гэж бид үзсэн.

-Хяналтын хуудсыг нэвтрүүлсний ач холбогдол юу байх юм бэ?

-Мэргэжлийн хяналтын улсын байцаагч бизнесийн байгууллагад шалгалт хийхдээ өөрийн болон дээрээ байгаа даргын үзэмжээрээ хандахгүй болсон. Үүнд хязгаарлалт тавьсан алхам нь хяналтын хуудас. Өнөөдөр бол мэргэжлийн хяналтын байцаагч аль нэг байгууллагыг шалгахдаа зөвхөн энэ хяналтын хуудсанд багтсан асуултын хүрээнд шалгалтаа явуулна. Хяналтын хуудсанд байхгүй зүйлээр шалгах эрх байцаагчид байхгүй. Нөгөөтэйгүүр, хяналтын хуудсыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх тодорхой шалтгана бидэнд байсан. Хяналтын хуудсыг ашигласнаар бизнесийн байгууллагууд өөрөө өөрийгөө урьдчилан хянах хяналтын тогтолцоо  бий болдог учраас, шалгалтын үйл ажиллагаа шалгуулагч этгээдэд ойлгомжтой, ил тод болдог учраас, хяналт шалгалтыг хувь хүний нөлөөллөөс ангид адил тэгш хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөл бүрддэг учраас нэвтрүүлсэн. Мөн шалгалт хийхэд зарцуулах хугацааг богиносгож, дарамтыг багасгаж, эдийн засгийн үр ашгийг сайжруулдаг учраас, хууль журам, стандартыг  сахин мөрдөх төвшин өсдөг, хэрэгжилтэд нь  дүн шинжилгээ хийх боломж сайжирдаг учраас үйл ажиллагаандаа ашиглах цаг үеийн шаардлага бидэнд байсан. Түүнчлэн шалгалтын явцад илэрсэн зөрчил дээр үндэслэн эрсдлийн үнэлгээ хийх боломж нэмэгддэг учраас, бизнесүүдийн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх дүрэм журмын талаарх мэдлэгийг нэмэгдүүлдэг, хууль журмын талаархи сайн сурталчилгаа болдог  учраас, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ажил хэрэгч холбоос болдог учраас бид ач холбогдол өгөөд байгаа юм.

-Мэргэжлийн хяналтын байгууллага өмнө нь хяналтын хуудас ашигладаггүй байсан юм уу?

-Энэ хяналтын хуудсыг Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд тодорхой үе шаттай боловсруулаад, олон нийт болон бизнес эрхлэгчдээр хэлэлцүүлж сайжруулаад өнөөдрийн байдлаар хяналт шалгалтын бүхий л чиглэлд ашиглагдах 174 хяналтын хуудсыг бэлэн болгоод байна. Нийтдээ 24 чиглэлээр эдгээр хяналтын хуудсыг бэлэн болгосон юм. Улсын байцаагч өмнө нь нэг ижил байгууллагыг шалгалаа гэхэд нэг байцаагч нь 10 заалт бүхий удирдамжаар шалгаж байхад нөгөө нь 25 заалттай удирдамжаар шалгадаг байсан. Төрийн хяналт шалгалт ийм тэгш бус, харилцан адилгүй, ойлгомжгүй, ил тод бус явагддаг байсан учир хяналтын хуудсыг нэвтрүүлж байна л даа. Хяналтын хуудас гэдэг хоёрхон үгийн цаана хяналтын байгууллагын шинэ чиг хандлагын асуудал мөн “ чанар, ил тод байдал, хариуцлага, үр ашиг” гэсэн олон чухал утга санаа агуулагдаж байгаа юм. Ер нь тэгээд шалгалт хийх нь зорилго биш, аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал алхам юм шүү дээ.

-174 хяналтын хуудсын нэгийг нь үзэж болох уу. Хэнд хандаж, хаанаас авах вэ?

-Хяналтын хуудас нууц зүйл биш. Мэргэжлийн хяналтын байгууллага өөрийн веб сайт, цахим санд хяналтын хуудсуудаа байршуулчихсан байгаа. Хүн эдгээрээс өөрт холбогдох хяналтын хуудсыг татаад авах эрх нь нээлттэй. Ингэснээр мэргэжлийн хяналтын байгууллагаас манайд хяналт шалгалт ирэхэд юуг шалгах вэ гэдгээ аж ахуйн нэгжүүд мэддэг болох юм. Өөрөөр хэлбэл, үүнийг шалгах юм байна гэдгээ иргэд мэдэж байх ёстой гэсэн үг. Тэр үзэж байгаа зүйл нь хэн нэгний зохиосон зүйл биш. Хууль, стандартад зайлгүй байх ёстой шаардлагуудын цогц хэм хэмжээ байх нь ээ. Эдгээр шаардлагыг хангаж явснаараа байгууллага өөрөө эрсдэлээсээ урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул ослыг үүсгэхэхээс сэргийлэх боломж нь дээшилж байгаа. Хоёрт хяналт шалгалт ирэхэд тухайн аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээнд бэлдсэн байх боломж нь нэмэгдэж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, бид сая Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг төрийн бус мэргэжлийн арваад холбоотой энэ хяналтын хуудсыг дэлгэрүүлэх, сурталчилах асуудлаар санамж бичиг байгууллаа. Хяналтын 174 хуудсыг бүгдийг нь чиглэл чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэж өглөө. Жил бүрийн ес, аравдугаар сард бизнес эрхлэгчдийн төлөөлөл орсон хэлэлцүүлгийг салбар бүрээр нь хийх юм. Ингээд юуг нь сайжруулах, засч найруулах шаардлагатай байгааг тусгаад дараагийн жилийн хяналт шалгалтад ашиглах зүйлээ боловсронгуй болгоод явах төлөвлөгөөтэй байгаа. Тийм учраас хамгийн гол нь хяналтын хуудас юуг шалгах вэ гэдэг нь ойлгомжтой, ил тод болсноороо давуу талтай гэж ойлгож болно.

-Мэргэжлийн хяналтынхан мөнгөтэй байгууллагыг шантаажилдаг. Мөнгөгүйг нь дээрэлхдэг. Гэнэт орж ирж ялихгүй зүйлээр дарамталдаг гэсэн яриа нийгэмд бий. Аль байгууллагыг хэзээ шалгах вэ гэдгээ ил тод, нээлттэй мэдээлж болохгүй юу?

-Шилэн хяналтын цахим санг шинээр байгуулж байна л даа. Ганц мэргэжлийн хяналт бус хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага үүнд хамрагдаж юм. Манай байгууллага бол гуравдугаар сараас эхлээд улсын хэмжээнд хэдийд, ямар шалгалтыг явуулах вэ, ямар объектууд дээр явуулах вэ гэдгээ бүгдийг нь цахим санд ил тод болгоод явж байна. Хоёрдугаарт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар бид 2015 онд хийх бүх хяналт шалгалтын хуваариа арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд зарлаад, бүгдийг нь цахим сандаа байршуулчихсан байгаа. Үүний зэрэгцээ хүн амд учирч болзошгүй эрсдэл, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор болон дээд байгууллагын шийдвэрээр төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулах эрх нээлттэй. Тэр бүрийг тухайн үед нь зохион байгуулаад явна. Ямар ч гэсэн төлөвлөгөөт шалгалтыг хаан, хэзээ, яаж хийх вэ гэдгээ ил тод зарлачихсан. Энэ дээр таны түрүүн асуудаг хяналтын хуудсаар юуг шалгах вэ гэдгээ ил тод болгоод явж байна. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтын ажил өөрөө ил тод, нээлттэй болсон гэж ойлгох хэрэгтэй.

-Бизнес эрхлэгчдийг дарамтанд оруулахгүй. Эдийн засгийг сайжруулахын тулд торгох, актлахыг урьтал болгохгүй. Харин ч зөвлөн тусалж, дэмжлэг үзүүлнэ гэсэн бодлогыг мэргэжлийн хяналтын байгууллага баримталж байгаа. Энэ чиглэлээр явуулж буй ажлын үр дүн нь бас хяналтан хуудас уу?

-Хуучин бол бид хяналтын байцаагчийн ажлыг хэчнээн зөрчил илрүүлснээр нь, хэдэн төгрөгөөр торгосноор нь, хэдэн байгууллага шалгаснаар нь үнэлдэг байж. Хууль эрх зүйн үүднээс авч үзвэл 2010 он хүртэл ийм тогтолцоо байсан. 2010 оноос өнөөдрийг хүртэл үүнийг багасгах, сайжруулах чиглэл рүү алхмуудыг хийж ирсэн. Тэр алхам нь эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгатын шинэ тогтолцоо, ил болгох асуудлыг журамласан хяналтын хуудас, мэдээллийн сан зэрэг юм. Үүний үр дүнд жил ирэх тусам хяналт шалгалтад хамрагддаг байгууллагын тоо багасч байгаагаас харагдаж байна. Бид улсын хэмжээнд шалгалтад хамргадах объеътуудаа эрсдлээр нь үнэлээд эрсдэл өндөртэй, дунд, бага гэж гурав ангилж байгаа. Хуучин бүгдийг шалгадаг байсан бол одоо эрсдэл багыг нь шалгалтаас чөлөөлж байна гэсэн үг. Эрдэл бага аж ахуйн нэгжид гурван жилд л нэг удаа очно. Эрсдэл дунд зэрэгт хоёр жилд нэг удаа эсвэл жил зургаан сарын дараа очно. Эрсдэл өндөр байгаа объектууддаа зургаан сард нэг удаа шалгалт оруулдаг байя гэх зэргээр давтамжийг нь өөрчилсөн. Тэр утгаараа байцаагчийн ажлыг үнэлж, дүгнэх асуудал нь нэлээд өөрчлөгдсөн. Энэ бол мэргэжлийн хяналтын байгууллагаас 2015 онд хийх томоохон ажил юм. Байцаагч олон торгууль тавьж, зөрчил илрүүлснээрээ биш зөрчлийг бууруулснаараа, хүн амд учруулах эрсдэлийг цөөлснөөрөө ажил нь үнэлэгдэнэ. Хариусан аж ахуйн нэгж нь хяналтын хуудсыг мөрдөж, зөрчил гаргахгүй байвал байцаагчийн ажил үнэлэгдэнэ. Нэгэнт акт, торгууль, шийтгэврийг тавих асуудал нь хуулиар нээлттэй учраас тавих нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь хяналт шалгалтын бодлого бол биш юм. Зайлшгүй аюул осол учруулах, удаа дараагийн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа нөхцөлд хэрэгжих ёстой хуулийн арга хэмжээ. Эхний ээлжинд ийм санкцаа тавьдгаа болиод аль болох зөвлөх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллах арга механизмаар ажиллана. Энэ бол мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны пирамидын үндсэн суурь нь байх юм. Өмнө нь мэргэжлийн хяналтын байцаагч 100 хувь хяналт шалгалтын үйл ажиллагааны чиглэлээр ажлаа явуулдаг байсан. Одоо хяналт шалгалт тэр хүний ажлын 40-50 хувь нь. Үлдсэн 40-50 хувьд нь зөвлөн туслах үйл ажиллагаа, сургалт, тандалт судалгаа, мониторингийн ажил болох юм. Өөрөөр хэлбэл, нэг туйлт хэв загвараас олон туйлт хэв загвар руу шилжсэн улсын байцаагчийн шинэ дүр төрх рүү ороод байна.

-Бизнес эрхлэгчид хяналтын хуудсыг үйл ажиллагаандаа хэвшүүлж, хэрэглэдэг боллоо гэж тооцъё. Та бүхэн дарамтгүй, чирэгдэлгүй, хүндрэлгүй ажиллах боломжийг нь бүрдүүлээд өгч байна. Хэрвээ хяналтын хуудсаа баримтлахгүй бол тэдэнд илүү торгууль тавих уу?

-Хяналтын хуудсыг аль болох хүртээмжтэй, нээлттэй байлгах нь манай байгууллагын хамгийн том бодлого. Хяналтын хуудас нээлттэй байж, үүнийг мөрддөг байгууллага олшрох тусам цаад үр дагавар нь нэмэгдэнэ. Хуулийн хэрэгжилт сайжрах, байгууллагууд өөрийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийх өргөн боломж байгаа. Дөнгөж үйл ажиллагаа эхэлж байгаа хүмүүс татварын байгууллагаас гэрчилгээгээ авахад нь хяналтын хуудас дагалдаж хүрдэг зүйлийг хийх гээд ажиллаж байна. Иймээс бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа дөнгөж эхлэхдээ л “Улсаас тавьдаг стандарт, шаардлага нь энэ юм байна шүү. Олон нийтийн эрх ашгийн үүднээс миний бизнес эдгээр шаардлагыг хангасан байх ёстой юм байна” гэдэг мэдээллийг авна. Хэрвээ үүнийг мөрдөж ажиллахгүй, удаа дараа зөвлөмж, анхааруулга, шаардлага хүргүүлээд байхад даамжруулаад байвал хуульд заасан арга хэмжээ авах нь ойлгомжтой.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …