Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд говийн бүсэд ажилласан. 100 тонн давсан жинтэй хүнд даацын машинууд говийн хөрсийг сүйтгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг хэдэн жил шүүмжлэн ярьсан ч шийдэгдээгүй өдий хүрчээ. “Энержи ресурс” компани Таван толгой-Гашуун сухайт чиглэлд өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам барьсныг өнгөрсөн жил улс худалдан авсан. Таван толгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хураамж төлөөд энэ замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой. Гэвч замын хураамжийн ялгаатай тариф мөрдөгдөж байгаа нь өрсөлдөөнд нөлөөлж байгааг холбогдох хүмүүс Шадар сайдад уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
“Энержи ресурс” компани нэг тонн тутамд 0.75 цент, нөгөө хоёр компани нь 1.5 доллар гэсэн тарифаар хураамж төлдөг. Хураамж өндөр байгаагаас болоод Орон нутгийн таван толгой болон “Эрдэнэс таван толгой” компанийн нүүрс ачсан машинууд хил хүртэл шороон замаар явж, тоос босгосон хэвээр байгаа. Энэ асуудлыг шийдэж 1 доллар болгох, шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглож, бүх автомашиг засмал замаар тээвэрлэдэг болгох асуудлыг 7 хоногийн дотор шийдэхийг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, МХЕГ-ын дарга, “Эрдэнэс монгол” ТӨХК-ийн удирлагууд, холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Шадар сайд “Замын хураамжтай холбоотой энэ асуудлыг шийдэх ёстой. Ингэснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг явдал арилна. Говийн хөрсийг сүйтгэж байгаа энэ явдлыг зогсоох хэрэгтэй. Байгаль дэлхийгээ, ард иргэдээ бодсон шийдвэрийг цаг алдалгүй гаргахыг би үүрэг болгож байна. Шийдэж чадахгүй бол хариуцлага тооцно. 7 хоногийн хугацаа өгье” гэлээ.