Монголын Залуучуудын Холбооноос долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа “Залуу хүн 2015” лекцийн 4 дэх зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Алтаншагай уригдаж, “Өөрөө өөрийгөө ялан дийлж л амжилт олдог” сэдвээр залуучуудтай нээлттэй ярилцлаа. 9-р ангид орох жилээ жүжигчин болно гэж бат шийдсэн тэрбээр дунд сургуульд байхдаа явдаггүй дугуйлан, хамрагддаггүй олон нийтийн ажил гэж байгаагүй гэсэн.
Жүжигчин залуугийн бага нас Хэнтий аймагт өнгөрч, хөдөөний бор хүү жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ийн босгыг давахдаа ямар хөгтэй хөгжилтэй явдлуудтай тулгарч байснаа ч нуусангүй. ТВ5 телевизийн сэтгүүлч, хөтлөгч Н.Насанжаргалтай гэр бүл болж хоёр хүүгийн аав болсон тэрбээр “Миний анхны хайр бол миний хань. Хайр гэдэг бол төгсгөлийг нь бодоогүй эхлэлийг хэлдэг” гэж ярьсан юм.Урлагт анх хөл тавьсан анд нөхөдтэйгээ нийлж амаргүй сонголт хийн хошин урлаг гэх их айлд өрх тусгаарлаж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан нь өнөөдөр амжилттай явааг бид бүхэн мэдэх билээ.
СТА Г.Алтаншагай залуучууддаа хандан хэлэхдээ “Залуучуудаа мэргэжилдээ үнэнч байж зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй шүү” гэдгийг зөвлөсөн юм. Дашрамд дуулгахад тус театрын хамгийн сүүлийн үеийн уран бүтээл болох “Хар сувдны нууц” уран сайхны кино ирэх 5 дугаар сарын 1-нд нээлтээ хийхээр зэхэж байгаа юм байна.Залуус та бүхэн жүжигчин Г.Алтаншагайн уригдсан “Залуу хүн” цуврал лекцийг сонсохыг хүсвэлwww.mongolnews.mn сайтаар зочлоорой.