2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж байжээ. Гурван жилийн өмнө болсон тэрхүү баривчилгаа бол шинэ цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэнтэй холбоотой хэмээн үзэж МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/-ноос өнөөдөр “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба хар өдөр” онол практикийн бага хурал зохион байгууллаа. Уг хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, З.Батбаяр, Г.Дугаржав, Г.Бямбасүрэн, АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх нар оролцсон юм.
Н.Энхбаярыг цагаатгахыг шаардана гэв
Г.Дугаржав: Н.Энхбаяр даргыг эх орондоо ажиллах боломжийг олгохгүй байна
Та бүхэн сайн мэдэж байгаа байх. 2012 оны 4 сарын 12-с 13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Ингэхдээ тухайн үед зохион байгуулагдаж байсан сонгуульд оролцуулахгүйн тулд зохиомол хэрэгт холбогдуулан баривчилсан. Энэ бол 21-р зуунд байж болохгүй асуудал. Тэр өдрөөс хойш 3 жил өнгөрсөн ч улс төрийн хориг арга хэмжээ авдаг энэ явуургүй, хууль бус ажиллагаа үргэлжилсээр байгаа. Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлээд зогсохгүй одоо ч эх орондоо биеэр ажиллах бололцоог нь олгохгүй байна. Уг нь улс төрийн дэвжээ ариун байх ёстой. Шударга сонгуулийн зарчмаар ажиллах ёстой. Гэтэл хууль хяналтын байгууллага нь хэн нэгний нөлөөн дор ажиллаж хэлмэгдүүлэлтийг үргэлжлүүлсээр байгаа нь эмгэнэл юм.
З.Батбаяр: Хүний эрхийн үндэсний комисс хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхгүй байна
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан, хэлмэгдүүлсэн гэдгийг ярихаас өмнө эхлээд бид хүний эрх хаана, хэрхэн, юунаас болж зөрчигдөж байгааг ярих ёстой. Монгол улсын бүхий л төрийн байгууллага өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлж ажиллах ёстой. Н.Энхбаярыг баривчилсан тэр үйл ажиллагааг үе шатуудаар нь ярихад бүхэлдээ хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болсон. Бүр тодруулаад хэлэхэд Эрүү шүүлтээс ангид байх, хүнлэг бусаар харьцахыг хориглосон Олон улсын конвенцыг олон удаагийн үйлдлээр маш бүдүүлэг зөрчсөн. Харамсалтай нь манай төр алдаагаа засах нь битгий хэл ямар нэгэн арга хэмжээ авч ажилласангүй. Манайд үйл ажиллагаа явуулдаг Хүний эрхийн үндэсний комисс хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхгүй байгаагын дээр хүний эрхийн зөрчил улам бүр газар авч аюултай боллоо. Тиймээс бид Н.Энхбаяр дарга болон улс төрийн хэлмэгдүүлэлтээс болж хохироод явж байгаа иргэн бүрийн төлөө ажиллана. Хэдийгээр одоогоор дорвитой үр дүн гарахгүй байгаа ч манай нам тууштай ажиллах болно.
Ц.Шаравдорж: Хэлмэгдүүлэлтийг өөхшүүлж байгаа хүн бол Ц.Элбэгдорж
21-р зууны ардчилсан Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт гарсаар байна гэдэг нь өөрөө аюулын харанга болоод байна. Монголчууд бидний түүхэнд хэлмэгдүүлэлт хар толбо болон үлдсэн. Гэтэл өнөөдөр хэлмэгдүүлэлт өнгөө өөрчилж, илүү олон хүнийг хамарсан шинжтэй болоод байна. Бид МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн бүх үйл ажиллагааг эхнээс нь анхааралтай судалж байгаа. Удахгүй энэ асуудлаар дуугарахаас гадна Олон улсын хүний эрхийн байгууллагуудад мэдэгдэнэ. Мөн энэ энэ оны 8 дугаар сард багтаан Олон улсын хүний эрхийн байгууллагад Н.Энхбаярын баривчилж байх үеийн бичлэгийг бүрэн эхээр нь хүргүүлэхээр ажиллаж байна. Төрийн албаны ажилчдыг олноор нь ажлаас халах, сонгуулийн үйл ажиллагааг хууль бусаар будлиантуулах зэргээр хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудлуудыг өөхшүүлж байгаа хүн бол Ц.Элбэгдорж. Энэ цаг үед хатуу үг хэлэхээс өөр арга алга. Бид МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагаатгахыг шаардах болно.
О.Буяннэмэх: Иргэн бүрийн эрхийн төлөө бид тэмцэнэ
Залуу хүний хувьд ардчилсан улсад улс төрийн хэлмэгдүүлэлт газар авч байгаад үнэхээр харамсаж байна. Дан ганц МАХН-ын дарга Н.Энхбаяр ч биш. Манай улсын иргэн нэг бүрийн эрх зөрчигдөх ёсгүй. Н.Энхбаярыг баривчлахдаа төрийн хамгаалалтад бйдаг УИХ-ын гишүүдийн эрхийг хүртэл ноцтой зөрчиж байгаа юм чинь жирийн нэг иргэний эрх хэрхэн зөрчигдөж байгаа нь ойлгомжтой. Тиймээс бид улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
“Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ц.Элбэгдорж орохдоо “Ц.Нямдорж л Н.Энхбаярыг барьж хорих, намыг нь татан буулгах хэрэгтэй” гэж ярьдаг гэсэн. Гэтэл яагаад улсын Ерөнхийлөгч хүн байж арга хэмжээ авахгүй байгааг ойлгохгүй байна. Манай холбооноос Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллах санал хүргүүлнэ. Дан ганц Н.Энхбаяр ч биш иргэн бүрийн эрхийн төлөө бид тэмцэнэ.
МАХН-ын Хэвлэл мэдээллийн алба
www.mnb.mn