Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.04.21/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Байнгын хорооны хуралдаан 52,6 хувийн ирцтэй эхэлж, хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлого, иргэний оролцооны зөвлөх Л.Дашдорж танилцуулав.
Тэрээр танилцуулгадаа, Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж байна. Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох төсвийн орлогоос зарим хэсгийг ирээдүй хойч үеийнхэн, үр хүүхдүүддээ үлдээх ёс суртахууны үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд Ухаалаг төр, эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь нэгэнт бий болсон байна.
Энэ зорилгоор урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх үндсэн зорилго бүхий Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийг боловсруулж энэхүү санг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх, хэрхэн арвижуулах, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлагын ямар зарчмыг үндэс болгон баримтлах зэрэг асуудлуудыг зохицуулахаар хуулийн төслийг боловсрууллаа. Дэлхий дахинаа Баялгийн сан нь улс орон бүрт өөрийн оноосон нэртэй байдаг бөгөөд энэ жишгийн дагуу Монгол Улсын Баялгийн сан нь “Ирээдүйн өв сан” гэсэн нэртэй байх юм гэв.
Уг хууль батлагдсанаар Хүний хөгжлийн сангийн үйл ажиллагаа дуусгавар болох бөгөөд тус санг олон улсын баялгийн сангуудын туршлагад нийцүүлэн өөрчлөн байгуулах, удирдлага, зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хуульчлах, 2018 оноос буюу Хүний хөгжил сангийн өр, төлбөрийг барагдуулж дуусах үед орлогыг шинээр байгуулагдах баялгийн санд хуримтлуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн журмаар тооцсон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, төрд ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн өмчийн хувьцаа борлуулсны орлого, 2018 оноос эхлэн улсын төсөвт орох эрдэс баялгийн орлогын суурь жилийн орлогоос давсан хэсгийн орлогын 20 хувь болон бусад орлогоос бүрдэхээр, Сангийн хөрөнгийг 2030 оноос эхлэн сангийн цэвэр орлогын 20 хувийг улсын төсөвт шилжүүлэх замаар зарцуулахаар тус тус тусгасан байна. Мөн хуулийн төсөл 7 бүлэг, 37 зүйлтэй, Ирээдүйн өв сангийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулах юм.
Хууль санаачлагчийн илтгэлийн дараа гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн өнөөгийн нөхцөлд уг хууль тулгамдаад байгаа асуудал мөн үү, ЭЗ-ийн уналттай байгаа энэ үед хуулийн төслийг хойшлуулах нь зүйтэй, түүний оронд өрийн асуудлаа ярилцаж шийдмээр байна гэв. Түүний энэхүү асуултад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, өрийн асуудал санаа зовоож байгаа асуудал боловч баялгийн сангийн тухай хуулийг хамтад нь мөрдөөд явбал илүү зохистой механизм болох юм. Өрийн дарамт 2016, 2017 онуудад хурцаар тавигдана. Иймээс ч бид 2018 оноос уг хуулийн үйлчлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Харин 2018 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дүрэм журам, институцийг бүрдүүлэхээр ажиллана. Үүнд тодорхой хугацаа шаардагдах юм хэмээв. Уг асуудлаар Сангийн дэд сайд С.Пүрэв хариулахдаа, Сангийн яам өрийн асуудлыг хэрхэн шийдэх талаар дунд хугацааны өрийн стратегийн талаар санал боловсруулж байгаа, удахгүй танилцуулна. Хэлэлцэж буй хуулийн төслийн тухайд өнөөдөр зайлшгүй шийдэх асуудал юм. Өнөөдөр бид өртэй байж болох ч байгалийн баялгийг зарцуулах нь зөвхөн энэ үеийнхэний асуудал биш юмаа. Баялгийг үе хооронд тэнцүү хуваарилаж ирээдүйн үр хойчдоо зохих хувийг үлдээх зайлшгүй шаардлагатай юм гэв.
Түүнчлэн Д.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, Д.Батцогт, Д.Ганхуяг, Б.Чойжилсүрэн, Ч.Улаан нарын гишүүд хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авсан бөгөөд мөн өөрсдийн саналаа илэрхийлсэн юм.
Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлэхээр тогтлоо. Мөн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Р.Амаржаргал гишүүнээр ахлуулан байгуулсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.