Батлан хамгаалахын төв архивт хадгалж буй “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтөд туслах хөдөлгөөнийг илтгэх түүхэн гэрэл зургууд.
“Монгол ард” нисэх эскадриль. 1943 оны 3 дугаар сард болсон БНМАУ-ын 26 дүгээр бага хурал Улаан армид туслах талаар гүйцэтгэсэн ажлыг сайшаагаад “Монгол ард” хэмээх нисэх онгоцны эскадриль байгуулах шийдвэрийг гаргажээ. Уг эскадрилийг байгуулахад шаардагдах хөрөнгийг дөрвөн сарын хугацаанд хуримтлуулж, 1943.09.25-ны өдөр Смоленск мужийн төмөр замын Вязовая өртөөний ойролцоох хээрийн аэродром дээр бөөрөн дээрээ ”Монгол ард” гэсэн үсгийг тод цагаан будгаар бичсэн “Ла-5” хэмээх байлдааны 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Зөвлөлтийн ард түмэнд гардуулжээ.
1942 онд БНМАУ-ын 25 дугаар бага хурлаар “Хувьсгалт Монгол Улс” нэртэй танкын цуваа байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх ажил зохион явуулахыг Сайд нарын Зөвлөлд даалгаж байв. Энэхүү шийдвэрийн дагуу танкын цувааг байгуулж, Монголын ард түмний бэлгийн 3 дахь ээлжийг хүлээлгэж өгөхөөр очсон маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид 1943.01.12-ны өдөр Москвагаас холгүй орших танкын 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд баяр ёслолын байдалтайгаар хүлээлгэн өгчээ. Ингэхдээ цувааг байгуулахад хөрөнгө нийлүүлсэн нийгмийн бүх давхраа, албан ба олон нийтийн байгууллага, 18 аймгийн нэр бичээд бэлэглэжээ.