Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон билээ. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгч оролцох юм. Ассамблейн зочид төлөөлөгчид тавдугаар сарын 18-нд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Харин маргааш нь буюу Даваа гарагт Ассамблейн нээлтийн үйл ажиллагаа Төрийн ордны их танхимд болно. Энэ удаагийн чуулган цаг хугацаа давчуу, албан ёсны хэд хэдэн салбар хуралдаантай байгаа хэдий ч зохион байгуулагчдын зүгээс манай орныг зорьж ирсэн зочдод Монгол орноо сурталчилах ажлыг орхигдуулаагүй гэж байна. Азийн 23 улс орны төлөөлөгчдийг Цонжин болдог цогцолборын Чингис хааны морьт хөшөөг үзэж сонирхуулахаас гадна бэсрэг наадам зохион байгуулахаар болжээ. Мөн зочид төлөөлөгчид мод тарих аянд нэгдэж өөрсдийн төглийг бий болгох гэнэ. Үүнээс гадна МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжин 800 залуус дугуйн парадыг хийхээр болжээ. Ийнхүү манай улсад 3 хоног саатах Азийн залуучуудад барих гэнэтийн бэлгүүд олон байгааг дуулгаж байна.