Их хурлыг жирийн гишүүд саналаа хэлж болохуйц хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй

DSC00002 “Ардын намын анхны жигүүр”-ийн зохицуулагч Д.Идэрзаяатай МАН – ын шинэчлэлийн асуудлаар  ярилцлаа.

-Танай нам сая болж өнгөрсөн сонгуулиар амжилтгүй оролцлоо. Үүнийг юунаас болсон гэж үзэж байна?

-Бид удаа дараа шаардлага хүргүүлэн орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын их хурлаа хуралдуулж бодлого үйл ажиллагаагаа шинэчлэх шаардлага бидэнд байгаа талаар намын удирдлагуудад санал бодлоо хүргүүлж байсан, хэдий ч намын удирдлагууд маань хүлээж авахгүй байсаар ийм байдалд хүрсэн. Жирийн сонгогч ард түмний хүсэн хүлээж байсан нэр дэвшигч манай намаас нэр дэвшсэн хэдий ч намын сонгуулийн кампанит ажил хангалтгүй дээр нь хариуцлагагүй болж өнгөрлөө. Энэ бүх зүйлд бид одоо дүгнэлт хийх учиртай болохоос буруутан хайх ёсгүй гэж бид үзэж байгаа.

-Намын удирдлагууд сонгуулийн  өмнө бүх жигүүр хөдлөгөөнүүдтэйгээ санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь ямар агуулагатай бичиг байсан юм бэ?

            -Тэр санамж бичигт юу гэж байсан нь тодорхой шүү дээ. Бид хүнд байна намаа ийм байхад ойлго. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа их хурлаа хуралдуулна. Та бүхэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Та бүхний хүч анхан шатанд хэрэгтэй байна гээд л жижүүрийн хэдэн үгтэй. Түүнийгээ ярьсан байлгүй, тэгсэн тэгээгүй  бид намын анхан шатанд ажиллаж тэдний юу хүсэж байгааг мэдэж байгаагийн хувьд одоо бид ямар бодлогын бичиг баримт боловсруулах, их хурлаа хэр өргөн бүрэлдэхүүнтэй хуралдуулах, бүлэг фракцийн амбицийг түр хойш нь тавьж намын нийтлэг эрх ашгийг эрхэмлэсэн их хурал байгаасай гэж хүсэж, тийм байлгахын  төлөө ажиллах болно. Харин одоо намын удирдлагууд өөрийн хийж чадаагүй зүйлээ сэтгэлдээ тээгээд намаа дараагийн нэг үедээ хүлээлгэн өгөх цаг нь болсон

-МАН-ын Шинэчлэлийн хороо гэх байгууллагатай хамтарч ажиллаж байна уу?

            -Тиймээ манай зарим нэг хүнтэй тийм хороо байгуулагдаж  байна гэж дам сонссон. Тэрнээс бид уулзаж албан ёсоор ярилцаж шийдсэн зүйл одоогоор алга. Гэвч хүмүүс хаана байхаа өөрсдөө шийддэг. Ардчилсан оронд амьдарч байгаа болохоор бидэнтэй зөвшөлцсөнгүй энэ тэр гэж олон юм яриагүй. Харин  өөрсдийнхөө замаар намаа шинэчлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй гэж ойлгож үүрийн гишүүдтэй уулзаж тэд юу хүсэж хүлээж байгаа талаар нэлээн олон хуудас материал цуглуулж амжилаа. Манай жигүүр анх хэвлэлийн бага хурал хийгээд нэг жилийн нүүрийг бараг үзэж байна. Энэ хугацаанд олон зүйлийг үзлээ. Намаа хоёр хувааж дүүргийн намын байгууллагыг хүчгүйдүүлж явсан хүмүүс одоо намаа шинэчилнэ гээд гүйж яваа. Ер нь шинэчлэл гэдэг энэ үгийг сайн бодож байж хэлэх хэрэгтэй. Ажилгүй болсон хүмүүс намаа боорлох хэрэгсэл болгож болохгүй харин эрүүлээр харж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө зүтгэж яваа хүмүүсийг янз бүрийн хороо энэ тэр байгуулж үймүүлж явдагаа болих хэрэгтэй. Гэхдээ энэ хүмүүс ажил хийх хугацаанддаа намдаа хэрхэн тусалсан бэ гэдэг хамгийн гол асуулт хүн бүрийн өмнө гарч ирнэ. Түүнд л түгдрэхгүй хариулж чадах хүн намын шинэчлэлийн тухай ярих ёстой гэж би ойлгодог. Шинэчлэлийн хороо гэх байгууллага бол бидний болон өөр олон залуучууд намын гишүүдийн урам зоригийг мохоох гэж байгуулагдаж буй нөгөө бүлэг фракцуудын гар хөл болсон залуучууд л гүйж яваа. Бид хараад шууд л хэлээд өгнө тийм хүмүүстэй нийлж намаа шинэчилнэ гэж ярих ч хэрэг байхгүй. Харин бага дээр нь тэднийг таслан зогсоох хэрэгтэй

Одоо танай намын их хурал хэдийгээр хуралдах вэ?

-Намын дүрмийн дагуу намын их хурлыг намын бага хурлаар заралдаг дүрэмтэй. Үүний дагуу явах байх. Тиймээс нэг их  удахгүй хурлаа хийх биз. Харин бид бол намын их хуралд гишүүдийг  төлөөлж оролцоно. Энэ үеэр та бүхэн харж байгаарай. Нөгөө намын суудал алдсан нөхдүүдээс авахуулаад бүгд л намаа шинэчлэх тухай яриад эхэлнэ. Бид намын удирдлагуудад намын их хурлыг дариухан хуралдуулах тухай шаардлага хүргүүлэхээр бэлтгээд байна. Мөн намын анхан шатны байгууллагуудаар намын шинэчлэлийн талаах хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ зун бэлдээд намрын эхэн сард хуралдах болов уу

-Намын их хурал хуралдлаа гэхэд та бүхний хүсээд байгаа шинэчлэлийг авч ирж чадах болов уу. Үнэндээ нийгэм ч үүнд эргэлзэж байгаа?  

-Монгол Ардын Нам бол 90-н жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин. Үеийн үед их хурлаа хийгээд бодлого үйл ажиллагаагаа шинэчлээд сурж хэвшсэн нам. Тийм болохоор нийгэмд хүлээлт байгаа нь тодорхой. Тэр хүлээлт нь мэдээж бидний яриад байгаа шинэчлэл шүү дээ. Улс төрийн намын бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилан таниулах ажлыг бид сүүлийн үед жирийн иргэд сонгогчидод хүргэж хийхээ байсан. Харин намын гишүүддээ бус дарга нартаа зориулж уулзалтуудыг хийдэг болсон мөн хэвлэл мэдээллийн тэнцвэргүй байдалд тохирсон сурталчилгаа хийж чадахгүй байгаатай холбогдуулан бид олон зүйл дээр алдаж ирсэн. Одоо өнгөрсөнийг ярихаасаа илүү ирээдүйгээ харсан ажлуудыг зохион байгуулж сайн ажиллаж дараагийн сонгуулиудад ялахын төлөө ажиллах шаардлага байна.

-Танай жигүүрийн зүгээс намын их хурал хуралдуулах тухай шаардлага хүргүүлэх талаар ярилаа. Үүнийгээ тодруулаач?

-Бид өнгөрсөн хугацаанд олон шаардлага, уриалга хүргүүлж байсан.  Харин энэ удаад нэлээд хэдэн  байгууллагуудтай хамтран хүргэх гэж байна. “Шинэчлэл 27” Хөдөлгөөн,  “Шинэ үе Шинэ бодлого”  Залуучуудын бүлгэм, “Алтан үе”  Ахмадын клубын хамт олонтой хамтран 9 – н зүйл бүхий шаардлагыг хүргүүлэхээр бэлтгээд байна. Бид өнгөрсөн шат шатны сонгуульд ялагдсан шалтгаан юунаас болсон тухай хангалттай хүргүүлсэн. Одоо бид их хурлыг хэдийд зарлах, их хурлаар хэлэлцэх бодлогын бичиг баримтад намын жирийн гишүүдийн хүсэж буй зүйл заалтуудыг суулгаж өгөх ажлын хэсгийг хэрхэн байгуулж байгаа талаар болон ажлын хэсэгт жирийн намын гишүүд ирээд саналаа хэлж болохуйц хэлбэрээр байгуулахыг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …