Шингэн, нунтаг, цаасан эсвэл ялтсан материалуудыг давхарга давхаргаар нь үелэн өрж биетийг принтерлэдэг 3D технологиор өнөөдөр хүссэн бүхнээ хэвлэдэг болжээ. Ингээд та бүхэндээ гурван хэмжээст принтерийн технологийн хязгааргүй боломжтойг харуулсан хамгийн сонирхолтой зүйлсийн тухай хүргэе.
- ГИТАР
Шведийн “The Lund University” – ийн профессороор ажилладаг инженер Олаф Дигель гурван хэмжээст технологийг эртнээс судалсан нэгэн юм. Тэрбээр нэг бүрийг нь 0.1 мм болгож хэвлэсэн нунтаг материалаар гайхалтай дуугаралттай гитар үйлдвэрлэдэг бөгөөд үйл ажиллагагаа өргөжүүлж “ODD Company”-ийг байгуулжээ. Хэрвээ хүсвэл ямар ч гитарыг өөрийн хүссэн хэмжээ, загвараар захиалж хэвлүүлэх боломжтой ба нэг гитарыг дунджаар $3000 – $4000 ам.доллараар хийдэг аж.
2.Гар буу
3D принтерээр хэвлэсэн дэлхийн анхны гар бууг “Defence Distributed” компанийхан 2013 онд зохион бүтээжээ. АНУ-ын Техаст байдаг энэ компани нь гурван хэмжээст галт зэвсгийн технологийг хөгжүүлэгч юм. Компанийг “Wired Magazine” сэтгүүлээс онцолсон дэлхийн хамгийн аюултай арван таван хүний нэг, анархист Коди Уилсон (1988 онд төрсөн) удирддаг бөгөөд гар бууг $8000 ам.долларын үнэтэй 3D принтерээр хэвлэжээ
- Усны хувцас
АНУ-ын Бруклинд ажиллаж амьдардаг технологич, дизайнер Мэри Хуанг гурван хэмжээст технологийн чиглэлээр олон сонирхолтой бүтээл урлажээ. Тэдгээрийн нэг нь уян хатан агаад усны хамгаалалттай “N12” бикини юм. Гурван хэмжээст технологийн “SLS” процессоор үйлдвэрлэгдсэн бикини нь ердөө 0.7 мм зузаантай гэнэ. Хэрэв хүсвэл захиалгаар худалдаж авах боломжтой ба үнэ нь $200 – $300 ам.доллар байх ажээ.
- Даашинз
Хувцас загварын салбарт 3D принтерээр хэвлэсэн өвөрмөц загвартай бүтээл цөөнгүй бий. Тэдгээрийн анхдагч нь Нью Йоркийн дизайнер Майкл Шмидт ба архитектор Фрэнсис Битонти нарын гаргасан 3D даашинз юм. Энэхүү гоёмсог даашинзыг орчин цагийн бурлескийн хатан хаан гэгддэг Дита Фон Тиз – д зориулсан билээ. Даашинзыг нунтаг нейлоныг хэд хэдэн давхарга болгож үелэн хэвлэдэг “SLS” технологиор гаргаж авсан ба Сваровскийн 12.000 гаруй талстаар чимэглэсэн гэдэг.
- Гэрлийн бүрхүүл
“The Nervous System” нь 2007 онд байгуулагдсан АНУ-ын технологийн салбарын шилдэг компаниудын нэг ажээ. Компаний хамт олон 3D технологиор гэр ахуй, гоёл чимэглэл, урлаг уран сайхны олон гайхалтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг. Гэрлийн бүрхүүл нь л гэхэд хэлбэр хэмжээнээсээ хамаарч $170 – $1320 ам.доллар байдаг. Дэлгэрэнгүйг та бүхэн вебсайтаар нь орж үзээрэй.
- Таны жижиг хувилбар
3D принтер ашиглан өөрийнхөө багасгасан хувилбарыг бүтээх боломжтой болжээ. Энэ төрлийн үйлчилгээг санал болгож буй хэд хэдэн компани байдаг нь Германы “Twinkind”, Английн “My 3D Twin” зэрэг юм. Өөрийнхөө жижигрүүлсэн хувилбарыг гаргаж авахын тулд $300 орчим ам.долларыг төлөх бөгөөд захиалагчийн зургаас алгын чинээхэн атлаа усны дусал мэт адилхан бяцхан хүүхэлдэйг бүтээдэг аж.
- Хиймэл эрхтэн
Гурван хэмжээст технологийн тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ба амьтдын амьдралд аз жаргал, баяр хөөрийг бэлэглэдэг болжээ. АНУ-ын “3D Systems” компани нь гурван хэмжээст технологи хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг бөгөөд хүн ба амьтдад зориулсан хиймэл эрхтэн хийдэг юм.
Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн хамгийн гайхалтай үйл явдал нь Дерби нэртэй нохойд урд хоёр хөлийг нь хийж өгчээ. Дербигийн эзний хэлснээр хиймэл хөл нь маш их таалагдаж байгаа ба өдөрт 3 км – 4 км гүйж харайж, зугаалдаг гэнэ. Өнөөдөр Дерби нохой шиг 10.000 гаруй амьтан хиймэл хөлтэй болох боломжтой болсон байна.
- Машин
АНУ-ын “The Local Motors” компаниас гурван хэмжээст технологиор хэвлэсэн “The Strati” машиныг зохион бүтээжээ. “The Ford Motors”-ийнхны үзэж байгаагаар ихэнх машин 5000 – 6000 эд ангиас бүтдэг. Тэгвэл цахилгаанаар ажилладаг “The Strati” нь 49 хэсгээс бүтдэг бөгөөд угсрахад 44 цагийг л зарцуулдаг гэнэ.
Машины их биеийг хэвлэсний дараа эд ангиудыг нь угсардаг бөгөөд “The Local Motors”-ийн инженер Жеймс Эрлийн үзэж байгаагаар ирээдүйд 3D технологиор машин хийхэд $7000 ам.доллар л зарцуулагдах аж.
9.Ураг
Японы “The Fasotec” компани болон “The Parkside Hiroo Ladies Clinic” эмнэлэг хамтарч эхийнхээ хэвлийд бойжиж байгаа ургийг 3D принтерээр хэвлэх үйлчилгээг 2012 оноос нэвтрүүлжээ. “The Shape of an Angel” гэж нэрлэсэн энэ үйлчилгээний тусламжтайгаар үрийнхээ хэвлийд байх үеийн төрхийг сувенир хэлбэрээр дурсгал болгож үлдээх боломжтой болсон юм. Ургийн 3D хэвлэмэл хувилбар 90 х 60 х 40 мм хэмжээтэй байх агаад гоёмсог хайрцганд хийж өгдөг аж. Үнэ нь $1500 орчим ам.доллар байдаг гэнэ.
- Хүнс
3D технологиор хүн төрөлхтөн өдөр тутмын хүнсээ ч гэсэн үйлдвэрлэдэг болоход ойрхон иржээ. Тэдгээрийн нэг бол “Edible Growth” гэж нэрлэсэн амтат зууш юм. Энэхүү бүтээгдэхүүний санааг хүнсний технологийн чиглэлээр ажилладаг Нидерландын уран бүтээлч Хлоя Рутзервельд гаргасан ба үрэнцэр, хөрөнгө, үр тариа зэргийг ашиглажээ.
Энэхүү зууш хэвлэснээс хойш 3 – 5 өдрийн дараа идэхэд бэлэн болж ургах ба амин дэмээр баялаг, авсаархан агаад хөнгөн хоол болж байгаа юм. Одоогоор туршилтын шатандаа явж байгаа энэ мэт олон төрлийн хүнсийг ирэх 8 – 10 жилийн дотор худалдаанд гаргана гэнэ.
Эдгээрээс гадна сүйн бөгж, шаахай, мөхөөлдөс, гоёл чимэглэлийн аксессуар, тэлээ, гар утасны гэр болон дугуйт тэшүүрийн тавцан гээд маш олон зүйлийг 3D принтерийн технологиор хэвлэдэг.
Б.Учрал
эх сурвалж. undesten.mn