Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар даваа гараг бүрийн 15:00 цагаас хийдэг “Бүтээн байгуулалтын цаг”-аар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа авто замын салбарт хийгдэж байгаа ажлууд мөн “Шинэ төмөр зам” төслийн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Түүний яриаг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үе, үе тасалж Батзаяа дарга аа, та ажил хариуцаж байгаа бол хариуцсан шиг хариуцана шүү хэмээн анхааруулж байсан нь залуу даргыг багагүй тэвдүүлсэн ч хариуцсан ажлаа боломжийн тайлбарлах хэмжээнд хүрчээ.
-Зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох авто зам, “Шинэ төмөр зам”-ын төслийн ажилд өнгөрсөн долоо хоногт ямар ахиц өөрчлөлт гарав аа?
-Ухаа худаг, Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын ажил өнгөрсөн долоо хоногоос ихээхэн эрчимжиж байна. 2015 оны 10 дугаар сард улсад хүлээлгэж өгөх энэ томоохон төслийн ажилд өнөөдрийн байдлаар дотоодын найман компани барилгын ажил гүйцэтгэж байгаа. Далангийн доод суурь бүтцийн ажилд 11.3 сая куб метр газар шорооны ажил хийх ёстойгоос энэ долоо хоногийн мэдээгээр 23.86 хувийн гүйцэтгэлтэй ажил үргэлжлэн явагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт 19.8 хувийн гүйцэтгэлтэй байсан бол долоо хоногийн дараа ойролцоогоор дөрөв орчим хувийн гүйцэтгэл нэмэгдсэн үзүүлэлт харагдаж байна. Одоогийн байдлаар 263 машин, механизм, 568 хүн газар дээрээ ажиллаж байна. Ерөнхийдөө төмөр замын бүтээн байгуулалтын ажил графикийн дагуу, төлөвлөсөн ёсоор явагдаж байгаа.
Авто замын тухайд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажлыг “Насны зам” компани гүйцэтгэж байна. Он дамжин хийгдэж байгаа энэ ажлын гүйцэтгэл 64.8 хувьтай явж байна. Өнгөрсөн долоо хоногт ийм үзүүлэлттэй байсан бол долоо хоногийн дараагаар ажил урагшаа явсангүй. Хүн хүчний хувьд урд хил дээр 100 хүн ирчихсэн гэсэн мэдээ өгч байгаа. Санхүүжилтэд гацаа үүссэнээс тэр хүмүүсээ оруулж чадахгүй, ажил нь зогсчихоод байгаа гэсэн тайлбар өгч байна. Машин механизм, шаардлагатай тоног төхөөрөмжийн хувьд ажил явуулах бүрэн бололцоотойг бид газар дээр нь үзсэн. Салбарын сайд А.Гансүх энэ зогсчихоод байгаа 143 км замын ажилтай биечлэн танилцахаар өнөө өглөө Дорнод руу гарсан.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Энэ “Насны зам” гэдэг чинь ямар учиртай компани байна аа. 143 км-ээс гадна дахиад 30 км замын тендерт ялчихаад ажил хийхгүй Засгийн газрын ажил саатуулаад байдаг. Та яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд юу харж, юу хийж байна. Та ажил хариуцвал хариуцсан шиг ажиллах хэрэгтэй шүү. Бид байн байн таныг хүлээгээд байж чадахгүй. За цааш нь ярь?
-Эндээс гадна 94 км замын ажлыг дөрвөн компани хувааж авсан. Гэрээ хийгдээд тоног төхөөрөмжүүд нь газар дээрээ очсон байна. Ажил эхлэх улаан шугамаа хүлээж авсан, ажил эхлэлтийн байдалтай байгаа мэдээ өгсөн.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Дорнодын замыг хэдэн компани хувааж аваад яг өнөөдөр км зам бэлэн болоод байгааг та тодорхой хэлж чадах уу?
-Үндсэндээ зургаан багц ажил гэж ойлгож болно. 143 км-ээс гадна наана нь 50 км замын ажил хүлээгдэж байгаа. 10.65 км аймгийн төв рүү орсон замын ажил эхлээд явж байна. Ер нь Дорнодын зам дээр ажиллаж байгаа таван компанийн хувьд ажлаа эхлээгүй компани байхгүй.
-Зарим компанийн гэрээ ихээхэн оройтож байгуулагдсан гэсэн хэл ам гараад байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Улаан шугамаа хүлээж аваад, нүүлгэн шилжүүлэлт хийгдэж, гурван компанийн гэрээ зургаан сарын 14-нд байгуулагдсан. Одоо газар дээрээ ажил ид өрнөж байгаа.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Ганцхан компанид 173 км замын ажил өгчихөөд өнөө компани нь он дамнуулаад ийм хариуцлагагүй ажиллаж байхад Зам тээврийн яам юу харж сууна вэ гэдгийг олон удаа асуулаа. Засгийн газрын зүгээс ийм хариуцлагагүй байдлыг хүлээгээд хараад сууж байх цаг хугацаа байхгүй. Бид яаралтай арга хэмжээ авна. Өөр нэмж тайлбарлах юм байна уу?
-Хөвсгөлийн Уньт, Тариалангийн чиглэлийн 88 км замын ажлыг гүйцэтгэж байгаа Солонгосын компанийн ажил зогсчихоод байгаа. Санхүүжилт нь Кувейтын сангаас орж ирэх ёстой ч хүлээгдээд байгаа учир энэ ажлын гэрээг цуцлахаас өөр аргагүй байдалтай болчихоод байна. Энэ компанийн хувьд энэ жил ажил хийж чадахгүй гэдгээ мэдэгдсэн.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Батзаяа дарга аа. Шалгаруулсан компани чинь ажлаа хийж чадахгүй бол ажил хариуцсан хүмүүстэй хариуцлага тооцохоос өөр аргагүй болно шүү. Энэ хагас сайны хуралд наад асуудлаа оруулж ир, ойлгов уу?
-За ойлголоо. Хагас сайн гэхэд бүх талаас нь нягтлаад Засгийн газрын
хуралдаанд оруулж ирье ээ.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Урагшаа Цогт-Овоогоос өмнө зүгт явж байгаа 50 км замын ажил дээр гүйцэтгэгч байхгүй байна гээд Өмнөговийн Засаг дарга Б.Бадраа надаас нэхээд байх юм. Энэ ер нь ямар учиртай юм болоод байгааг тайлбарлаад өгч чадах уу?
-Энэ 50 км замын тухайд ажил гүйцэтгэх зураг гараагүй. Хоёр компанид хоёр багц болгоод салгаад өгсөн. Нэг компани нь гэрээгээ хийсэн. Нөгөө компанийнх нь нэр Хөгжлийн банкинд хүргэгдсэн боловч асуудал эцэслэн шийдэгдээгүй.
-Та надад тэр компанийнхаа нэрийг нуугаад байлгүй хэлчихэж болохгүй юу. 50 км замыг хоёр компанид хуваагаад өгчихсөн гэж ойлгож болох юм уу?
-Энэ зураггүй 50 км замыг барих эхний компани нь “Модимус Наранбулаг” компанийн түншлэл юм. Энэ компанийн гүйцэтгэх ажлын зургийн ажил хийгдээд нүүлгэн шилжүүлэлтээ хийсэн. Нөгөө 25 км дээр эзэн тодроогүй байгаа.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Танай сайд чинь энэ 25 км зам эзэнтэй л гээд байсан шүү дээ. Одоо болтол гүйцэтгэх эзэн нь тодорхой болоогүй энэ зам чинь яаж 2013 онд ашиглалтад орж чадах юм бэ.Өмнөговийн Засаг дарга Б.Бадраа л газар дээр нь очиж үзэж байж надад мэдэгдээгүй бол та нар худлаа яриад суугаад байх байжээ. Эцсийн удаа асууя. Энэ зам чинь хэзээ эзэнтэй болох юм?
-Энэ долоо хоногт эзэн нь тодрох байх аа.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Та нар үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна. Энэ байдлаараа бол энэ жил ашиглалтад оруулах зургаан замын ажлыг нураах хүмүүс байна л даа?
-Үүнээс гадна “Ялгуусан” компанийн 83 км зам байгаа. Би өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр очиж шалгаад ирсэн. Ажил нь боломжийн сайн явагдаж байгаа.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг:Болж байгаа зам дээр битгий гүйж очоод бай. Одоо хамгийн гол нь Дорнод, Хөвсгөл, Цогт-Овоогийн зам дээр хатуу анхаар ойлгов уу?
-Ойлголоо.
-ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг: Тэрэлж, Цонжин болдогийн зам дээр их урт хуулалт хийгээд байна. Түүний технологийг арай өөрчлөөд өөр аргаар ажиллаж болдоггүй юм уу?
-Хоёр долоо хоногийн өмнө яг энэ талаар мэдээлэл ирж байсан. Тэрэлжийн 30.2 км замыг есдүгээр сарын 30-нд хүлээж авна. Цонжин болдогийн 24.1 км замыг наймдугаар сарын 15-нд хүлээж авах графиктай байгаа. Бид энэ графикийнхаа дагуу шахаж ажиллаж байгаа. Эдгээр замыг тав, таван км-ээр нь хот талаасаа хүлээж авах юм. Баянхонгорын зам долоодугаар сарын 10 гэхэд хучилтын ажил нь дуусна.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг:Батзаяа дарга аа. Ажил чинь хангалтгүй байна. Одоо урин дулааны цаг. Ажил явагдаж байгаа газар дээр нь биечлэн очиж удаахан ажиллах шаардлагатай байна. Ойлгов уу?
-За ойлголоо.