Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хоорондын байгуулсан хэлэлцээрээр 8 тэрбум иений зээлийг манай улс авахаар зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдсан юм байна. Хэрэв уг хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төсөл батлагдвал манай улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал төслүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, Япон улсын орчин үеийн техник, технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж Засгийн газрын гишүүн Н.Батбаяр хуулийн төсөл өргөн мэдүүлэхдээ хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г. Батхүү нар Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. УИХ-аар улсын төсвийг хэлэлцэх явцад зарим алдаа дутагдал гарах болсон байна. Тухайлбал, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад нэг обьектыг төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн багцад тусгасан, мөн төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгахад хэрхэн шийдэгдэж байгаа нь ойлгомжгүй зэрэг дутагдал байдаг аж.
Тиймээс дээрх алдаа дутагдлыг арилгахын тулд төсвийн хэлэлцүүлгийн бүх процесст Улсын Их Хурал өөрөө хяналт тавьж, хэлэлцүүлгийн шатанд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг мэргэшсэн ажилтнуудаар хийлгэх, хянуулах шаардлагатай гэж нэр бүхий гишүүд үзсэн байна. Иймээс УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн шинжилгээний албаны ажиллах орчин, хэм хэмжээ, чиг үүрэг, зорилгыг тодорхойлж хууль, эрх зүйн талаас нь баталгаажуулж өгөх зорилгоор Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж Ц.Даваасүрэн гишүүн мэдэгдлээ.
Парламентын засаглал хөгжсөн Бельги, Канад, Унгар, Өмнөд Солонгос зэрэг улсад 100-135 орчим хүнтэй парламентын төсвийн алба, Австри, Шведэд парламентын санхүүгийн зөвлөл, АНУ-д 235 хүнтэй Конгрессын төсвийн алба нэртэй бүтэц зэрэг төсвийн хараат бус мэдээлэл, судалгаа шинжилгээгээр парламентыг хангах бие даасан нэгжүүд ажилладаг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.