Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Вена хотын Санхүү, эдийн засаг болон нийтийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Ренатэ Браунерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод зохион байгуулах “Венийн Үдэш” арга хэмжээ болон хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө “Венийн Үдэш” арга хэмжээнд ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд баяртай байна. Та бүхний дэмжлэгтэйгээр “Венийн Үдэш” цэнгүүнийг маргааш буюу 6 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн онд Вена хотод айлчлал хийж хотын дарга Майкл Хойплтой уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцсон. Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн багийг хүлээн авч үр ашигтай сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлье. Танай хотоос туршлага судлах олон зүйл байна. Дахин орон сууц сангийн талаар туршлага судлуулахаар баг явуулах хүсэлтэй байна” гэлээ. Мөн тэрээр нийслэлийн бүтээн байгуулалтад байгаль орчинд ээлтэй цахилгаан дулааны үйлдвэрлэл, цэвэрлэх байгууламжийг сайжруулах орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг ашиглах зорилгоор Австри улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах талаар дурьдлаа.
Харин Вена хотын Санхүү, эдийн засаг болон нийтийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Ренатэ Браунер хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Вена хот Улаанбаатар хоттой бүхий л салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ дурьдав. Мөн нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, цаашид хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж байгаагаа уламжиллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.