Монгол Улс 40 гаруй сая малтай, жилдээ 440 сая литр сүү бэлтгэх нөөцтэй ч одоогийн байдлаар маш бага хэмжээний сүүг боловсруулж байна.
Шинэчлэлийн Засгийн газраас 2013-2016 онд Улаанбаатар хотын хүн амыг үнээний сүүгээр хангах зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын үнэт цаас борлуулсан орлогоос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл төсөлд 27 сая ам.долларын санхүүжилтийг хөнгөлттэй зээлийн нөхцлөөр олгохоор шийдвэрлэсэн билээ.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, үйлдвэрлэл эрхлэн явуулахад тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар тэдний санал хүсэлтийг сонсож харилцан ярилцлаа.
Хэдийгээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид НӨАТ-аас чөлөөлөгдсөн ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хувь нэмээд зогсохгүй давхар хоёроос гурван хувийн шимтгэл авдаг. Энэ нь эцсийн худалдан авагчдад өндөр тусч, үйлдвэрлэгчдэд ашиггүй тусдаг учраас хууль эрх зүйн хувьд зохицуулалт хийхэд, жижиг, том үйлдвэрлэгчид гэсэн бодлогын алдааг засах, цагийн түр ажилчдыг нийгмийн даатгалаас чөлөөлүүлэх зэрэг асуудлуудыг тавьж шийдвэрлэхэд нь Хүнсчдийн холбооны ерөнхийлөгчийн хувиар дэмжлэг үзүүлэхийг үйлдвэрлэгчид Шадар сайдаас хүслээ.
www.zasag.mn