Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тангараг өргөх товыг тогтоов

uih ffff Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын 2013 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан ажлаа эхэллээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай илтгэлдээ, Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийг зохион байгуулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг аймаг, нийслэлийн хэмжээнд 6 дугаар сарын 25, 26-нд, гадаад улсад 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 66.50 хувь нь буюу 1.239.784 сонгогч саналаа өглөө.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо зохион байгуулж, тэдгээрт 15863төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч ажиллав.

Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 баг, 2271 мэдээллийн технологийн даамал, 2501 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилласныг илтгэгч тэмдэглэлээ.

Тэрээр цааш нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2012 оны 69 дүгээр тогтоолд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулж явуулсныг дурдаад хамтарсан Ажлын хэсэг 2500 ширхэг санал тоолох төхөөрөмж, 3754 бүртгэлийн техник хэрэгсэлийг шалган туршиж, баталгаажуулсан тухай мэдээлэв.

Илтгэгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглан харж байсан тухай яриад энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авч ажиллалаа. Тухайлбал, АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 36 улс орноос болон Олон улсын байгууллагаас 400 гаруй ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авч ажилласанаас гадна сонгуульд оролцож буй улс төрийн намуудаас томилогдсон 20 гаруй мянган ажиглагчид санал авах байруудад ажиллалаа.

Гадаадын 30 гаруй, дотоодын 66 хэвлэл, мэдээллийн байгууллагын 600 гаруй сурвалжлагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг сурвалжилж мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль нь анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулагдсан, гадаадад байгаа сонгогчдынхоо саналыг авсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгох эрхийг хангахад илүү анхаарсан, саналын хуудас нь өндөр нууцлалтай, өнгөт зурагтай, бар код, брайль үсэг бүхий хавтастай зэрэг олон шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль болсныг Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод болон хэсгийн хороод эрх, үүргийнхээ хүрээнд хуулийн дагуу сайн зохион байгуулсан гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна гэдгээ тэрээр хэллээ.

Илтгэгч Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар танилцуулахдаа, Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнг нэгтгэхэд Ардчилсан Намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж 622794 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 50.23 хувийн, Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 520380 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 41.97 хувийн, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Нацагийн Удвал 80563 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 6.50 хувийн санал авсан дүн гарч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны анхан шатны сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна гэлээ.

Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн (зургаан зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн дөрөв) буюу 50.23 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэдгээ тэрээр илтгэлээ.

Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулав.

Дээрх илтгэл болон санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авав. Улсын Их Хурлын зарим гишүүд сонгуулийг шинэ шатанд гаргаж, сайн зохион байгуулсанд баяр хүргээд энэ жишгээр цаашид сонгуулийг зохион байгуулахыг хүсээд санамсаргүй сонголтын аргаар хийсэн хяналтын тооллого болон автомат системийн дүнгийн хооронд зөрүү гарсан эсэх, автомат системийг цаашид ашиглах нь хэр үр дүнтэй, санал хураалтын өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн мэдээллүүд хоорондоо яагаад зөрүүтэй байсан, автомат системийн техник, технологийг шинэчлэх, сонгуулийн зардлыг бууруулах боломж байгаа эсэх, сонгогчдод ярианы нэгж өгөх болсон нь хуулийн ямар үндэслэл байв зэрэг асуулт тавьж хариулт авав.

Мөн сүүлийн гурван удаагийн сонгуульд автомат систем ашигласны эерэг, сөрөг нөлөөлөл, түүнийг хэрэгжүүлснээр гарсан алдаа, оноогоо ярилцаж, саналаа нэгтгэж улмаар эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цаашид сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хороо саналаа өгөх саналыг Улсын Их Хурлын зарим гишүүн дэвшүүлэв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн буюу 94,4 хувийн саналаар Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг баталлаа.

Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Үүгээр Цахиагийн Элбэгдоржийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийн товыг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтов.

Мөн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг асуудалтай холбогдуулан Төсөл санаачлагчийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны илтгэлийг тус тус сонсов.

Монголын төр ёсны уламжлалыг хүндэтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шинэчилж ард нийтийн хүртээл болгох шаардлагыг үндэслэн ийнхүү тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа аж.

Энэ тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордны цогцолбор дахь Их эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайд болох бөгөөд ийнхүү ёслолын эрэмбэ дарааллыг тогтоолын хавсралтад нарийвчлан тусгасан байнагэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …