Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал Ерөнхий сайдын өрөөнд болж, Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Энэ ажлын хэсгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав ахалж буй юм.
Өнөөдрийн хурлаар төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, улсын хилээр шалган нэвтрүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах Шуурхай удирдлагын штаб болон Нэгдсэн удирдлагын төв байгуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийн асуудлаар ярилцаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Манай улсад болох Ази, Европын Дээд түвшний XI уулзалтад 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөж байгаа юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.