УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Таван толгойн ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Ямар шийдвэр гаргав. Ер нь ажлын хэсэг дээр асуудал удлаа. Юун дээр гацаад байгаа юм бол?
-Ажлын хэсгийн хуралдаанаар Засгийн газраас хэд хэдэн материал ирэхгүй байгаагярилаа. Бид Засгийн газраас дөрвөн материал нэхсэн ч өнөөдрийг хүртэл ирэхгүй байна. Бидний нэхээд байгаа материалуудын эхнийх нь Засгийн газрын 268 дугаар тогтоолын хурлын протокол. Уг тогтоолоор Таван толгой дээр тендер зарлах долоон заалттай шалгуур үзүүлэлтийг баталсан байдаг. Дотор нь Энержи ресурст зориулан оруулсан хэд хэдэн заалт байдаг. Ялангуяа “… Таваас доошгүй жил олборлох, тээвэрлэх, борлуулах, үйл ажиллагаа эрхэлсэн хяналтын багцыг Монголоос эзэмшиж байгаа компани” гэж заасан байгаа нь бусад компаниудын оролцох эрх хаагдсан гэсэн үг. Тиймээс тогтоолыг хэлэлцсэн хурлын протоколоос хэний ямар саналаар ийм заалт орсныг мэдсэний эцэст тодорхой дүгнэлт гаргах ёстой гэж ажлын хэсгийнхэн үзсэн. Хоёрдугаарт “Энержи ресурс” компани болон “Шинхуа” группын хооронд хамтарсан компани байгуулах гэрээг Засгийн газраас ирүүлэхийг хүссэн. С.Баярцогт сайд хэлэхдээ “Хувийн компаниудын хоорондоо хийж байгаа гэрээ учраас Засгийн газарт хамаагүй. Ажлын хэсэг тухайн компаниудаас нь энэ гэрээг авах шаардлагатай” гэсэн байна. Монгол Улсын бүх иргэдийн эзэмшиж байгаа томоохон ордыг хамтран эзэмших гэж байгаа гэдэг утгаар нь уг гэрээг зайлшгүй үзэх ёстой болсон. Учир нь хамтарсан компани байгуулах гэрээндээ “Энержи ресурс” компани нь Таван толгойг “Шинхуа”-д өгчих юм биш биз гэх мэтээр ноцтой заалт байхыг үгүйсгэхгүй. Тиймээс л ажлын хэсэг гэрээг үзье гэсэн юм. Ер нь бид нэхэмжлэх бус Засгийн газар гэрээг дүгнэсэн байх ёстой. Гуравдугаарт “Сумитома” компани Таван толгойн нүүрсийг гуравдагч зах зээлд нийлүүлэх үүргийг гэрээгээр хүлээж байгаа. Тэгвэл “Гуравдагч зах зээлд гаргах ямар үүргийг тус компани хүлээж байгаа юм бэ” гэдгийг бид сонирхсон. Ер нь Сумитоматай гэрээ байгуулсан эсэх нь өнгөрсөн хугацаанд тодорхой болсонгүй. Дөрөвдүгээрт “Энержи ресурс” компани Таван толгой компанийн хооронд эрх шилжүүлэх гэрээ гэж хийгдсэн байх ёстой. Шууд хэлбэл Эрдэнэс Таван толгойн бүх эрх 100 хувь “Энержи ресурс” компани руу шилжиж байгаа. Үүнийг үзсэний эцэст дүгнэлтээ гаргах ёстой гэж байгаа юм.
-Энэ гэрээнүүд хийгдчихсэн байх ёстой юу. Ажлын хэсэг өө олохын тулд хувийн компаниудын дотоод асуудалд оролцож байна гэх шүүмжлэл гарч эхэллээ?
-Ажлын хэсэг “тийм тийм 14 асуудал дээр дүгнэлт гарга” гэсэн даалгаврыг авсан. Тэр дүгнэлтийг гаргахын тулд тун ч олон материал нэхэгдэж байна. Жишээ нь “Гуравдагч зах зээлд нийлүүлнэ” гэдэг “Сумитома”-гийн худалдааны гэрээг үзэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байгаа. “Үнэхээр гуравдагч зах зээлд Таван толгойн нүүрсийг нийлүүлэх гээд байна уу, Хятадын зах зээлд борлуулах гээд байна уу” гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорч өгөхгүй байна. Хэрвээ Хятадын нутаг дэвсгэрт нүүрсээ зарахаар байвал бид үүнийг гуравдагч зах зээлд гаргаж байна гэж үзэх боломжгүй.
-Гэрээний англи эхийг шалгасан гэсэн. Алдаа байна уу?
-Англи, Монгол эх үнэхээр ялгаатай байгаа. Яг энэ асуудал дээр Оюу толгой компанийн хуульч ажиллаж байна. Бид сүүлийн гурван сар Монгол хэл дээрх материалтай зууралдаад, түүнд үндэслэн дүгнэлт хийж хэрэлдээд байгаа. Гэтэл гэрээний англи хувилбар дээр Монгол эхээс зөрүүтэй олон зүйл заалт байна. Асуудал үүслээ гэхэд оролцогч тал гэрээний англи хэл дээрх эхийг аваад Арбитрийн шүүхэд хандахад өнөөдрийн бидний яриад байгаа Монгол эхээс хол зөрүүтэй, ялагдал хүлээх магадлалтай заалтууд байна гэж үзэж байгаа.
-Яг ямар заалтууд өөр байгаа гэж?
-Гурав хоногийн өмнө ажлын дэд хэсгээс мэдээлэл авахад арав гаруй хуудас зүйл заалтын зөрүү байгааг ил болгож, бэлдсэн гэж байсан. Тэгэхээр гэрээг англи хэл дээр хийгээд Монгол хэл рүү орчуулсан юм байна гэж үзэж байгаа. Бас үүнийг хэн гардаж хийсэн нь тодорхойгүй байна. Уг нь Гадаад харилцааны яам англи хэл дээрх хувилбарыг баталгаажуулсан байх ёстой. Албан ёсны орчуулгыг Гадаад харилцааны яам л хийдэг журамтай ч энэ талаарх мэдээлэл тэдэнд огт байхгүй байх юм.
-УИХ энэ долоо хоногт асуудлыг хэлэлцэхээр жагсаалтад оруулсан байна. Та бүхэн дүгнэлтээ бэлэн болгож амжих уу?
-Засгийн газар шаардлагатай материалуудаа бидэнд өгчихвөл дүгнэлтээ гаргаж УИХ-д оруулна. УИХ дээр, тэр дундаа Д.Ганхуяг гишүүн нэг зүйлийг тодотгосон. Тэр нь 2010 оны 39 дүгээр тогтоол. Тус тогтоолд Таван толгойн ордыг яаж ашиглах вэ гэсэн олон заалт байдаг. Тогтоолын олон заалт энэ гэрээнд зөрчигдчихсөн явж байгаа. УИХ-ын 39 дүгээр тогтоолыг зөрчсөн Засгийн газрын олон тогтоол бас гарсан байдаг. Уг нь Засгийн газар УИХ-ын гаргасан тогтоолыг заавал хэрэгжүүлэх ёстой байгууллага. Тийм учраас “УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй шүү” гэдэг дээр гол дүгнэлтээ гаргаж өгөх ёстой гэсэн саналыг хэлж байсан.
-Гэрээг урьдчилсан байдлаар ингэж дүгнэж байгаа гэсэн үг үү?
-Гэрээ орж ирсэн, тэр чигээрээ явж болохгүй. Нийт 60 жилийн хугацаанд 60 тэрбум ам.долларыг улсын төсөвт оруулж болохуйц ийм том орд байтал борлуулалтын зөвхөн хоёр хувийг авах гэрээ орж ирчихээд байна. Мөн ард түмний төлөөлөл, хууль тогтоох дээд байгууллагын гаргасан олон тогтоолыг зөрчсөн. Шууд хэлбэл УИХ гэдэг хэн ч биш юм гэсэн байдлаар хийгдсэн гэрээ. Ард түмний өмчлөлтэй энэ том ордыг бусдад зүгээр л бэлэглэчихэж болохгүй.
-Ер нь энэ гэрээг явуулахгүй байх ажлын хэсэг ажиллаад юм биш үү?
-Өнгөрсөн долоо хоногоос Засгийн газар болоод зарим УИХ-ын гишүүд “Таван толгойн асуудлыг явуулахад ажлын хэсэг гацаа үүсгэлээ” гэсэн худал PR-ыг хүчтэй явуулсан. Энэ асуудалд ажлын хэсгийн гишүүд нэлээд дургүйцэж байгаа. Яг үнэндээ ажлын хэсэг гацааж байгаа юм биш. Засгийн газар материалаа ажлын хэсэгт ирүүлэхгүй өөрсдөө гацааж байгаа. Бид ямар ч л гэсэн энэ материалуудыг авч байж, түүндээ тулгуурласан зохих ёсны дүгнэлтүүдийг хийгээд гаргаж өгнө. Тэгээд ч би санал, бодлоо байнга хэлж байгаа. Тэндээс Л.Эрдэнэчимэг гишүүн “Энэ гэрээг явуулахгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна” гэж л ойлгогдож байгаа байх. Энэ олон мэдээллүүдтэй танилцаж гэрээг бүтэн уншсан ямар ч гишүүн явуулж болохгүй юм байна гэдгийг ойлгох байх. Харин явуулах ёстой гэж хэлээд байгаа хэсэг лоббид автсан гэдгээ харуулж байна гэж харж байгаа.
-Тэгвэл ямар үндэслэлээр Засгийн газар гэрээгээ буцаан татах ёстой гэж та мэдэгдээд байна вэ. Ер нь улс орны тодорхой асуудлыг шийдэх ажлыг та ахалж байгаа гэсэн үг биз дээ?
-Миний харж байгаагаар гэрээ нэгэнт Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Концессийн гэрээний тухай хууль болон УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоолыг зөрччихсөн байгаа юм. Тиймээс хууль, тогтоол зөрчсөн гэрээ УИХ-аар хэлэлцэгдэх ёсгүй гэж бид харж байгаа. Энэ утгаараа гэрээгээ Засгийн газар татаж авах ёстой.
Эцэст нь хуульд нийцүүлээд, сайжруулаад оруулж ирэх шаардлагатай. Дээрээс нь ажлын хэсэг тогтоолын төсөл гаргахаар ажиллаж байгаа. Тогтоолын төслөөр Засгийн газарт үүрэг өгнө. Ингэхдээ Таван толгойг түшиглэн урагшаа хил хүртэлх, зүүн тийш Оросын хил хүртэлх төмөр замыг хамтад нь шийдэх ёстой гэдэг заалтыг оруулж өгч байгаа. Дээрээс нь гэрээнд огт тусгагдаагүй иргэдийн 1072 болон аж ахуйн нэгжүүдийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг тусгаж өг гэж байгаа юм. Ийм ажлууд ажлын хэсэг дээр бэлэн болчихоод байна. “Хувьцаа гэдэг бол үлгэр” гэж М.Энхсайхан сайд ярьж гарч ирж байсан.
Харин иргэд сайтаар нь ороод шалгавал таны нэрийн дансанд хувьцаа чинь хадгалагдаж байгаа. Хувьцааг эргэлтэд оруулж болдгийг жижиг Таван толгой харуулж байна. 1996 оноос жижиг Таван толгой хувьцаа гаргасан байдаг. Анх гурван төгрөгийн үнэтэй байсан бол хамгийн сүүлд сая гаруй төгрөгт хүрсэн байх жишээтэй. Тэгвэл жижиг Таван толгойгоос хэд дахин том энэ орд дээр хувьцааг эргэлтэд оруулах бүрэн боломжтой. Асуудлыг ард түмэндээ ашигтайгаар шийдье гэсэн байр суурьтай байна. Ер нь биднийг тогтоолын төслөө оруулахаар Засгийн газраас гэрээгээ татаж авах юм шиг байна лээ.
-Энэ хооронд Чалкод төлөх ёстой өр юу болж байгаа вэ. Монголын тал алдагдал хүлээж өр өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэх юм?
-Ажлын дэд хэсэг хоёр хоногийн хугацаатай Эрдэнэс Таван толгой компани дээр ажиллаад өнөөдөр (өчигдөр) ирсэн. Тэдний өгсөн мэдээллээр Эрдэнэс Таван толгой компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс хадгалагдаж байгаа бол хоёр сая тонн нүүрсийг олборлоход зориулж хөрсний хуулалт хийж бэлтгэсэн байна. Нийтдээ олборлох бүх зардал нь шингэчихсэн 4.3 сая тонн нүүрс бэлэн байгаа гэсэн үг. Хэрэв гэрээ байгуулагдвал Чалкод төлөх ёстой өрийг “Энержи ресурс” компани төлөх заалттай. Гэтэл Чалкогийн өрийг төлөх нүүрс нь аль хэдийнэ олборлогдоод бэлэн болчихсон байгаа юм. Тэгэхээр гэрээнд туссан шигээр “Энержи ресурс” компани үүрэг хүлээх нөхцөл харагдахгүй байгаа юм. Энэ нь хулхидах заалт бололтой. Дээрээс ньЭрдэнэс Таван толгой компани хэвийн ажиллаж байна. Компанийн 200 орчим, туслан гүйцэтгэх 150 гаруй хүнээс гадна Чалко компани нүүрсээ авахдаа уурхайн аман дээрээс тээвэрлэлтээ хийдэг. Энд Хятад, Монголын мянга гаруй жолооч, тээвэрлэгчид ажилладаг юм байна. Нийтдээ 1400 орчим хүн 24 цагаар хөрс хуулалт, тээвэрлэлтийн ажил хийгээд Чалко компани сард 500-600 мянган тонн нүүрсийг өрөндөө авдгаараа авч л байгаа. Нэг ёсондоо өнөөдрийг хүртэл Чалкогийн өртэй холбоотой ямар ч асуудал үүсээгүй, цаашид ч үүсэхээргүй байна гэсэн үг. Мөн Эрдэнэс Таван толгой компани нэгэнт олборлосон нүүрсээ Хятадын бусад компанид зарахад бэлэн байгаа юм билээ. Хэдий тийм ч М.Энхсайхан сайд цаашаа борлуулалт хийж болохгүй гэсэн үүрэг өгсөн учраас зарж чадахгүй байгаа гэсэн.
-Асуудал хэзээ шийдэгдэх юм бол. Нийгэмд хүлээлт үүсгэчихээд ажлын хэсэг сар гаруй хугацаанд дөнгөж гурав дахиа хуралдаж байна?
-Оюу толгой өнөө, маргаашгүй хөдөлгөөнд орно. Гацууртын ордын асуудлыг бараг шийдсэн. Цагаан суваргыг ч явуулсан. Харин Таван толгойгоо төр барих хэрэгтэй. Яагаад гэвэл Монголын бүх ард иргэд хувьцааг нь эзэмшиж байгаа. Хоёрдугаарт энэ орд 60-100 жилийн ашиглалтын настай. Өнөөдөр нүүрсний үнэ унасныг нь далимдуулаад Таван толгойг булаах гэрээ орж ирчихээд байгааг хүн бүхэн ойлгоосой гэж хүсч байна. Тийм учраас яараад байх шаардлага байхгүй. Төсөв бүрдэлт муу байгаа гэж хэсэг хугацаанд ярих л байх. Энэ нь бэлэг боох далим байж болохгүй.
-Тэгвэл яагаад дахин сонгон шалгаруулалт явуулах гэж?
-Энэ бүх мэдэгдлүүдийг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа хувь гишүүнийхээ байр сууринаас хийж байгаа. Түүнээс биш ажлын хэсэг дээр дахин тендер зарлая гэж огт яриагүй шүү. Ажлын хэсгийнхэн хууль, тогтоол зөрчсөн учраас энэ гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага алга л гэж байгаа. Миний харж байгаагаар хөндлөн болон урагшаа явах төмөр замын асуудлаа хамтад нь шийдүүлье гэсэн байр суурьтай байна. Албан бус мэдээллээр “хөндлөн төмөр замыг тавихад Японы Засгийн газраас хөрөнгө оруулалт хийх боломжтой байна. Наймдугаар сард Абэ Ерөнхий сайд ирэхдээ гэрээг үзэглэх юм байна” гэсэн мэдээлэл бий. Эндээс харахад төмөр замын бүтээн байгуулалтад Японы талыг ч юм уу, гуравдагч этгээдийг оролцуулахын тулд гэрээнд оролцогч талууд нэмэгдэж оролцох байх.
-Орос, Япон, Солонгос орнууд Таван толгойн нүүрсийг сонирхож байгаа юм уу. Гуравдагч тал гэж хэнийг хэлээд байгаа юм?
-Ер нь асуудал нь Таван толгойдоо биш, төмөр замд байна. Төмөр зам гэдэг бол Азийн хамгийн том гео политикийн үзүүлэлт болчихоод байгаа. Хятад улс Азийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай банк байгуулчихаад байгаа. Энэ нь Азийн дэд бүтцийн салбар руу асар хүчтэйгээр орж ирэхийг харуулж байна. Үүнтэй зэрэгцээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Японд айлчлахад Азийн хөгжлийн банкаар дамжуулан Японы талаас “110 тэрбум ам.долларыг Азийн дэд бүтэц рүү” орууллаа гэдгээ зарласан. Тэгэхээр Хятад, Япон хэмээх хоёр том гүрэн Азийн дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийж өөрсдийнхөө ноёрхлыг тогтоох бодлоготой байгаа нь ил байна. Хоёр гүрний аль аль нь Монголыг сонирхож байгаа. Гурван жилийн өмнөхөөс байдал тэс өөр болчихоод байна. Геополитикийн таатай нөхцөл байдалтай болсон учраас Таван толгойд бус эхэлж төмөр замдаа анхаарлаа хандуулж, төмөр замын асуудлыг шийдсэн тэр орнуудад Таван толгойгоо өгөх нь ашигтай болсон нь харагдаад байгаа юм.
-Тэгэхээр орж ирсэн гэрээг буцааж, бүхнийг шинээр эхэл гэж үү?
-Гэрээг эхнээс нь хийх үү, бусад талыг татаж оролцуулах уу гэдэг нь Засгийн газрын хийх ажил. Би бол зөвхөн саналаа хэлж байгаа гишүүн.
Л.Мөнхтөр