Засаглалын чадамж, боломж зэрэг нь эрх зүйн агуулгаараа үнэн эргэлзээтэй Ерөнхийлөгчийн институцийн сонгууль болж өнгөрлөө. Гэхдээ ард түмнээс сонгогдох субьект болохынхоо хувьд нийгмийн сэтгэл зүйг харуулах толь мөнөөсөө мөн. Ард түмний сонголтоос тэдний хүсэл зоригийг “тайлж уншиж” болно. Энэ тухай өөрийн саналыг хуваалцъя гэж бодлоо.
Хамгийн том авилгачийн байгуулсан намаас, авилгалын эсрэг, шудрага ёсны төлөө дуугараад “удаж” байгаа билээ. Ухаантай сонгогч үнэнээсээ дургүйцмээр улиглан давтах шудрага ёсны хоосон уриа, хуурамч багний цаана байгаа үнэн нүүр царайг нь сонгогчид “мэджээ”.
УИХ-ын сонгуулиар авсан дэмжлэгтэй нь харьцуулахад үнэхээр чамлахаар саналыг тэдэнд өгсөн. УИХ-ын сонгуулиар МАХН-ын эвсэлд 22%-ийн саналаа өгч байсан бол энэ удаад ердөө 6.6 % нь л дэмжсэн аж. Энэ нь цаад утгаараа уг намыг “удаан наслах” уу? үгүй юу? гэдгийн далд сануулга болов.
Ардчилсан намын нэр дэвшигчийн хувьд гол мессежээ болгосон төрийн гурван өндөрлөгийг нэг намд бүрэн өгчих гэсэн ятгалага амжилттай болов. Одоо “нүдэнд торойх” зүйл хийхгүй л бол, гурван өндөрлөгөө дараагийн сонгуулиар бүгдийг нь алдах эрсдэлтэй болсон. Хэтэрхий их хүлээлт үүсгэсэн болохоор сонгогчийн сэтгэл бүрэн “ханах” нь юу л бол… Тэдэнд бүх боломжийг олгосон нь бол харин маргахгүй үнэн юм даа.
Авилгачдыг алагчилахгүй байх гэсэн санааг хүмүүс их ярих болсон нь түүний дараагийн дөрвөн жилд хийх авилгачдын эсрэг тэмцлийн гол чиг шугам байх ёстой гэдгийг “хэт дэмжээгүй” сонголтоороо ч давхар хэлжээ. Эхэлсэнээ үргэлжүүлээсэй, шудрага ёсыг тогтоох ажилдаа манай танайх гэж алагчилахгүй байгаасай гэж сонгосон. Хожмын түүхнээ түүний намтрыг хэлсэндээ хэр хүрснээр нь дүгнэн бичих биз ээ.
Монгол ардын намын хувьд, аливаа брендийн нүүр царай болсон лидерийг нь агнах маркетингийн аргачилалыг сөрөг хүчин амжилттай хэрэгжүүлснийг сонгуулийн өрнөлөөс эхлээд мэдэрсэн. Үнэхээр өрсөлдөгчгүйгээр торойх лидергүй шахам болсноо намыхан бүх шатандаа “мэдэж” авлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэгчээ тодруулах хэлэлцүүлэг орон даяар удаан үргэлжилж, Бага хурал дээрээ чамгүй “эргэлзсэн”.
Харин нэр дэвшигчийнх тухайд урьд өмнө тохиолдож байгаагүй хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орсон нь бол үнэн баримт. Энэ тухайд дараа хөндье. Харин дархан аварга Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, намдаа юуг онцлон хэлсэн нь үнэхээр сонирхол татам зүйл боллоо.
Энэ удаагийн нийтлэлийнхээ нэрийг ухаалаг нэгний тодорхойлсоноор ёс суртахууны улс төр гэж нэрлэмээр санагдав. Эргэцүүлж бодоод сэтгэгдэлээ хуваалцана биз ээ.
Бөх хүн тэнэг байдаг гээд бараг л шууд хэлчих нь холгүй агуулгатай Ардчилсан намын кампанит ажил хүчтэй явсан хэдий ч аварга том дэмжлэгийн ард түмнээсээ авч чадлаа.
Тэрээр сонгуульд дэвшсэн өдрөө өөрийгөө “цэвэр” гэж зарлав. Миний нэр, гар, сэтгэл цэвэр гэсэн уриаг сонгожээ. Хэдийгээр цэвэр цус мус энэ тэр гуйвуулсан ч үндсэн санаа нь өөрөө их чухал. Сонсоход энгийн хэрнээ үг уриа өөрөө лут мессеж болсон.
Төрийн төлөө зүтгэж буй хүн “асуудалгүй” гэдгээ ард түмнийхээ өмнө нүүр бардам зарлах нь хичнээн чухал болохыг энэ уриагаараа тэр шууд хэллээ.
Улс төрийг нэр цэвэр, ёс суртахуунтай хийж чадвал, хэн ч нийгмийн халуун дэмжлэгийг хүлээх юм байна гэдгийг сонгуулийн дүн ч харуулсан.
Улс төр хийж байгаа хүн хувийн эрх ашгаасаа илүү ардынхаа төлөө дуугарч байхад хичнээн их хайр хүлээдэг болох нь түүнийг дэмжсэн иргэдийн саналаас ухаантай хүн бол толгойгоо ч ажиллуулахгүйгээр мэдээд авчихаар.
Энэ бол түүний намдаа, цаашлаад хойч үедээ өгч байгаа хамгийн том бэлэг юм болов уу.
Улс төрд цэвэр байх нь асар их үнэ цэнэтэй болохыг, бохир зүйлд хутгалдаагүй бол ямар ч хүн, юунд ч хүрч болох юм байна гэдгийг залуу үедээ тэрээр харуулж өгөв.
Төрд ажил хашчихаар л “амьдрал нь тэгширдэг” мэт хөнгөнөөр төсөөлж буй танай, манай гэхгүй аль ч намын бүх залууст ёс суртахууны хичээл зааж өглөө тэр…
Улс төр хийхэд мөнгөнөөс илүү хугараагүй нэр чинь чухал шүү гэж Монголын бүх улс төрчдөд санууллаа даа харин ч. Нэр хугарахаар яс хугар гэсэн ардын үгний үнэ цэнэ энэ байсан ажээ.
Намууд сонгуульд ялж бодлогоо хэрэгжүүлэхээр уралддаг. Ялалт байгуулах нь ямар ч намын хамгийн чухал эрмэлзлэл. Ардын нам үнэхээр л ялахыг хүсээд байгаа юм бол дараагийн сонгуулиар тойрог бүрт яг ийм нэр цэвэр хүмүүсийг дэвшүүл гэж сануулж байна Ард түмэн…
Энэ сонгууль авилгыг таслан зогсоож, нийгмийн шудрага ёсыг тогтоох нь иргэдийн хувьд өнөөдрийн хоолноос нь илүү чухал болж байгааг тод харууллаа. Нэгэнт ард түмэнд шудрага ёс, нэр цэвэр улс төрчид юу юунаас чухал болж байгаа юм бол улс төр хийгчдийн зорих зүг, баримтлах зарчим нь ийм байхаас өөр замгүй. Ёс суртахууны улс төр хийх цаг наашилж буйн дохио биз ээ.
Цаашдаа ард түмэн улс төрчдийн нас, хүйснээс илүү нэр нь “цэвэр” эсэхийг л харна шүү гэдгээ энэ удаагийн сонголтоороо баттай хэллээ.
Бүтэн үеийнхнийг ухаарах зүйлийг хийж, улс төрийг “цэвэрших” чигийг гаргасан аварга даа баярлалаа. Аварга хүн ч аварга л байдаг юм байна.
Улс төр судлаач Очирбатын Алтансүх